Дэлхийн дурсамж хөтөлбөр

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Баримтат өвийг олон улсын хэмжээнд хоёр жил тутамд сонгон шалгаруулж бүртгэдэг бөгөөд Баримтат өвийн Олон улсын болон Бүс нутгийн бүртгэлийн жагсаалтад өнөөдрийн байдлаар 110 орны 350 гаруй баримтат өв энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүртгэгдээд байна.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх, олон улсын, бүсийн, үндэсний ая холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явдал юм.

Баримтат өвд дараах дурсгалт зүйлсийг оруулна:

  • Бичиг үсгээр ямар нэг зүйл дээр бичиж, сийлж, зурж, оёж хатгаж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгалууд,
  • Марк, ил захидал, мөнгөн тэмдэгт зэрэг зураг, гэрэл зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгалууд,
  • Бүх төрлийн гэрэл зургийн дурсгалууд,
  • Кино, дүрс, дуу авианы бичлэг хийж баримтжуулсан дурсгалууд (пянз, туузан бичлэг) гэх мэт.

 

Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хороо

ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн бодлого, стратеги төлөвлөгөөг боловсруулах, бүс нутгийн хороод болон хөтөлбөрийн ажлын албанаас ирүүлсэн тайлан төлөвлөгөөг хэлэлцэж, шаардлагатай заавар зөвөлгөөгөөр хангах үүрэгтэй эрх бүхий байгууллага бол Олон улсын зөвлөх хороо юм. Хоёр жил тутамд тус хорооны ээлжит хуралдааны үеэр ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хорооны бүрэлдэхүүний 14 гишүүн орныг томилдог бөгөөд олон улсын хэмжээнд баримтат өвийг гишүүдийн саналаар сонгон шалгаруулж, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэдэг. Олон улсын зөвлөх хороо нь Дэлхийн дурсамж хөтөлбөрийн дүрэмд өөрчлөлт оруулах, хоёрдугаар зэргийн байгууллагыг эсвэл бүс нутгийн хороодыг байгуулах эрхтэй.

 

ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын үндэсний хороо

Дэлхийн дурсамж хөтөлбөрийн үндэсний хороог гишүүн улс бүрд байгуулах нь стратегийн ач холбогдол бүхий зорилт юм. Үндэсний хороо нь Засгийн газар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран өвийг олон улсын баримтат өвийн бүртгэлийн жагсаалтад нэр дэвшүүлэх, сурталчлах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.

Манай улсын хувьд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын үндэсний хороо Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2010 онд байгуулагдаж  2016 онд Гадаад харилцааны сайдын тушаалаар шинэчлэгдсэн. Тус хороо нь:

  • Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүхий баримтат өвийн урьдчилсан жагсаалтыг гаргах,
  • Жагсаалтад орсон өвүүдийн ерөнхий тодорхойлолт, танилцуулгыг боловсруулах,
  • Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалтад нэр дэвшүүлэх маягт, түүнийг бичих зааврын дагуу нэр дэвшүүлсэн баримт бичгийг бэлтгэж боловсруулах, түүнийг ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нарын газарт, хэрэв бүс нутгийн бүртгэлд оруулахаар нэр дэвшүүлсэн бол хөтөлбөрийн бүсийн холбогдох хороонд хүргүүлэх,
  • Баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах, баримтат өвийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн санал боловсруулан ажиллах,
  • Энэ чиглэлээр ЮНЕСКО-ийн гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагааг сайжруулан хөгжүүлэх үүрэгтэй.

ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах төсөл нь Монгол улсад төдийгүй бүс нутгийн соёлын өвд хамаарах ач холбогдолтой. Түүнчлэн баримтат өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах асуудалд Үндэсний номын сан, Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагуудыг татан оролцуулж байна.

ЮНЕСКО-ийн төв болон төлөөлөгчийн газруудаас гадна гишүүн орнуудын үндэсний комиссууд идэвхтэй хамтран ажиллаж, соёлын салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Солонгосын үндэсний комисстой хамтран “Монгол улс дахь баримтат өвийг хадгалж хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлэв.

Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж байгаа түүхийн баримт бичгээр цахим номын санг 2007 онд байгуулав. Төслийн хүрээнд Монгол Улсын баримт бичгийн үнэт өвийг хадгалан хамгаалах талаар сургалт явуулдаг болов. Гандантэгчинлэн хийдийн сүлжээний номын санд нийгмийн ухаан, бурхны шашин, анагаах ухаан, одон орон судлал, зан заншил, хэл шинжлэл, түүх болон яруу найргийн сүүлийн ганцхан хувь хосгүй үнэт бүтээлийн байрлуулж, дотоодын болон гадаадын уншигчдад унших боломж нээгдсэн.

“Зүүн Азийн орнуудын цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь 2008-2012” төсөл Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ болон Япон зэрэг орнуудад амжилттай хэрэгжлээ. Энэхүү төсөл дээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой ШУА, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төв, Гандантэгчинлэн хийд, Үндэсний архивын газар зэрэг байгууллагууд хамтран ажилласан. Уг төслийн хүрээнд “Цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь” онол-практикийн цуврал сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд цаасан баримтыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах гарын авлага ном гаргасан.

 

ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын болон Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад өв бүртгүүлэх шалгуур

Олон улсын, бүс нутгийн болон үндэсний жагсаалтад баримтат өвийг бүртгэхдээ тухайн баримтат өвийн соёлын ач холбогдолд нь үнэлгээ хийдэг. ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын болон Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад баримтат өв бүртгүүлэхэд дараах зүйлсээр үнэлгээ хийнэ. Үүнд:

  • Өв нь эх хувилбараараа байх. Зарим тохиолдолд хуулбар, хуурамчаар үйлдсэн, дуурайлгаж хийсэн эд зүйлсийг андуурах тохиолдол байдаг тул тухайн баримтат өв эх хувиараа байгаа эсэхийг үнэлнэ.
  • Өв нь дэлхий дахинд үнэ цэн, ач холбогдолтой байх. Дэлхийд болон бүс нутагт онцгой ховор, хосгүй бөгөөд давтагдашгүй байх шаардлагатай төдийгүй, тухайн баримтат өв устах аваас хүн төрөлхтний соёлын өв санд нөхөгдөшгүй гарз хохирол учрах, дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онц нөлөө үзүүлсэн байх шаардлагатай.
  • Дэлхийн ач холбогдлын хувьд дараах шалгууруудаас нэг ба түүнээс дээш шалгуурыг хангасан байх шаардлагатай. Ач холбогдлыг харьцуулах боломжтой учир баримтат өвийн олон улсын болон үндэсний жагсаалтад бүртгэгдсэн өвүүдтэй шинээр бүртгүүлэх гэж буй өвийг харьцуулах шаардлагатай. Үүнд:
    1. Шалгуур 1 – Цаг хугацаа
    2. Шалгуур 2 – Газар нутаг
    3. Шалгуур 3 – Хүмүүс
    4. Шалгуур 4 – Өвийн агуулга, сэдэв
    5. Шалгуур 5 – Өвийн хэлбэр, загвар
  • Дараах зүйлсийг мөн харгалзан үзнэ. Үүнд:
    1. Ховор байдал. Тухайн өвийн агуулга эсвэл биет шинж чанар нь түүний төрөл, цаг хугацааны ховор жишээ болж чадах эсэх.
    2. Бүрэн бүтэн байдал. Тухайн өв бүрэн, өөрчлөгдсөн эсвэл гэмтсэн эсэх.
    3. Аюул. Тухайн өв аюултай нөхцөлд байна уу? Аюулгүй байдлыг нь хангах зайлшгүй шаардлагатай юу?
    4. Менежментийн төлөвлөгөө. Тухайн баримтат өвийн хадгалалт хамгаалалт, хүртээмжийн стратеги бүхий төлөвлөгөө бий юу?

 

Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэгдсэн баримтат өв

  • Лу Алтан Товч (2011 он)
  • Монгол Шунхан Данжуур (2011 он)
  • Есөн эрдэнийн Ганжуур (2013 он)
  • Данжуурын гэрэлт хөшөө (2017 он)

 

Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад бүртгэгдсэн баримтат өв

  • Лу Алтан Товч (2010 он)
  • Сахиусан Дара Эх (2014 он)
  • Мэргэд гарахын орон нэр томьёоны толь бичгийн модон бар (2016 он)