Торгоны зам

ЮНЕСКО-ийн нэг чухал зорилго бол дэлхийн бүх соёлд өөрсдийгөө илэрхийлэх орон зай, эрх чөлөөг хангахад оршиж байдаг. Хэдийгээр бүх соёл өөрсдийн үндсээс ургаж гарсан ч бусад соёлтой харилцахдаа цэцэглэн хөгжиж, төлжиж байх ёстой. Иймээс аливаа соёлыг тусгаарлаж, хадгалж хамгаалахдаа гол учир нь байгаа биш харин тусгаарлагдаж, ганцаардахаас сэргийлэн, баяжуулж хөгжүүлснээр зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх нь чухал юм. Тиймд соёл хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол нь өнөөгийн олон улсын улс төрийн уур амьсгал, даяарчлалд шинэ утга санааг илэрхийлж, дэлхий дахины нэгдмэл байдал, энх тайвныг сахихад чухал үүрэгтэй болсон.

Ард түмэн, соёл хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, тэнцвэртэй солилцоог дэмжиж буй өдгөөгийн ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа нь 2005 онд НҮБ-ын албан ёсоор эхлүүлсэн Соёл иргэншлийн эвсэл санаачилгын хүрээнд хийгдэж байна. Тодруулбал, соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжих үйл ажиллагааны хүрээнд, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг хамруулж, орон нутаг болон үндэсний хэмжээнд соёлын олон төрлийг дэмжиж, хэт туйлшрах, фанатизмыг хөхиүлэн дэмжилгүй ард түмнийг нэгтгэх үнэт зүйлс, зарчмыг тодотгож буй үйл ажиллагаа билээ.

ЮНЕСКО-ийн “Торгон зам” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аялал Монгол, ЮНЕСКО-ийн соёлын хамтын ажиллагаанд өвөрмөц байр суурь эзэлнэ. 1992 онд ЮНЕСКО-ийн МҮК “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аялал, “Төв Азийн нүүдэлчид ба торгон зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулсан юм.

ЮНЕСКО энэ төслийн хүрээнд эрдэм шинжилгээний гурван аялал зохион байгуулсан байдаг бөгөөд анхны аялал нь БНХАУ-д болсон “Цөлийн замаар” хэмээх аялал юм. Энхүү аялал нь Хятадын эртний нийслэл Си-Ань хотоос эхэлж, Үрэмчид дууссан. Aян зам нь Хятад болон Дорныг Дундад Ази, Өрнө дахинтай холбож байсан худалдаа наймааны гол судсыг дагаж, эртний торгон замын зангилаа, эдүгээгийн их замын хотууд, түүх дурсгалын газруудыг дайрч гарснаараа ач холбогдолтой юм. Хоёр дахь аялал нь “Далайн замаар” нэртэйгээр үргэлжилсэн юм. Италийн Венец хотоос Япон хүртэл. Aяллын зам ерөнхийдөө Марко Пологийн нутаг буцсан газар орноор дайрсан байдаг. Гурав дахь аялал нь 1991 онд “Талын замаар” нэртэйгээр Дундад Азид зохиогдсон юм.

Харин Монгол улсад зохиогдсон дөрөв дэх аялал нь “Нүүдэлчдийн замаар” нэртэйгээр гадаадын гуч гаруй орны нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, 20 гаран хэвлэл мэдээллийн байгууллагын гуч гаруй сэтгүүлч сурвалжлагчид, монголын эрдэмтэд, зохион байгуулагч нар нийлсэн нийт 150 гаруй хүн оролцжээ. Aяллыг ЮНЕСКО-ийн МҮК, ялангуяа түүний Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цахилгаан гардан зохион байгуулсан. Aялал Ховд аймгийн төвөөс эхэлж Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар 3000 гаруй километр замыг туулж Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг хийж өндөрлөсөн билээ.

2005 онд ЮНЕСКО-ийн төв байранд Төв Азийн соёлын олон төрөл байдлын өвөрмөц онцлогийг харуулсан Их наадмыг зохион байгуулсан. Их наадамд Казахстан, Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид оролцож, үндэсний хувцас загвар, гар урлал, бичиг соёлын өв, зан заншлыг харуулсан 1500 гаруй үзмэр бүхий үзэсгэлэнг гаргаж, ЮНЕСКО-ийн Аман болон биет бус шилдэг өвийн дээжист бүртгэгдсэн ардын урлагийн тоглолт, кино өдөрлөг зэрэг арга хэмжээг өргөн цар хүрээнд зохион байгууллаа.

 

ЮНЕСКО-ийн Торгоны зам хөтөлбөрийн олон улсын сүлжээ

ЮНЕСКО нь гишүүн улсууд болон холбогдох бусад талуудын оролцоог бүрэн хангахын тулд Торгоны зам хөтөлбөрийн олон улсын сүлжээг байгуулсан. Торгоны замаас хол болон ойр орших улс орнууд хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл, сайн туршлага солилцож, хамтран ажиллахын тулд уг хөтөлбөрийг хариуцан ажиллах үндэсний зохицуулагчдыг томилдог бөгөөд энэхүү олон улсын сүлжээ нь ЮНЕСКО-ийн гишүүн улсуудын үндэсний зохицуулагчдаас бүрддэг. Үндэсний зохицуулагчид нь дараах чиг үүрэгтэй ажилладаг. Үүнд:

  1. ЮНЕСКО-ийн Торгоны зам цахим платформд нэгдсэн улсуудад торгоны замтай холбоотой өв, үйл ажиллагааны талаарх мэдээллийг дамжуулах, задлан шинжлэх, цуглуулах,
  2. ЮНЕСКО болон түүний түншүүдийн гүйцэтгэсэн торгоны замтай холбоотой үйл ажиллагааны талаар үндэснийхээ сонирхлын бүлгүүдэд мэдээлэх,
  3. Торгоны замтай холбоотой үйл ажиллагааг дэмжих, хэрэгжүүлэх, санаачлахад үндэснийхээ эрх мэдэлтнүүд болон сонирхлын бүлгүүдэд зөвлөх, дэмжих,
  4. Сүлжээний бусад гишүүдэд дадлага туршлага, мэдлэгээ солилцох хамтын ажиллагааг бий болгоход дэмжлэг үзүүлэх,
  5. Торгоны замын нийтлэг өвийг хамтран эзэмшдэг ард түмэн, улс орнуудтай хамтран ажиллах, эвлэрэх, соёл хоорондын яриа хэлэлцээр, харилцан ойлголцлыг дэмжихэд туслалцаа үзүүлэх зэрэг болно.

 

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн

1973 онд Монгол улс ЮНЕСКО-той хамтран “Төв Азийн соёл, иргэншилд нүүдэлчин ардын гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт олон улсын симпозиумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь нүүдлийн соёл иргэншил судлалын эхийг тавьсан юм. Манай улс Төв Азийн соёл иргэншлийг судлахад ЮНЕСКО-той хамтран ажилласны нэгэн бодит үр дүн бол ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн хүрээлэн болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн юм.

ЮНЕСКО-ийн Торгоны зам төслийн хүрээнд 1992 оны 7-р сарын 10-наас 8-р сарын 5-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн зам” экспедицийн үеэр Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг байгуулах санаа анх төрсөн бөгөөд тус экспедицийн үеэр зохион байгуулагдсан “Төв Азийн нүүдэлчид ба торгоны зам” олон улсын бага хурлаар нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид хүрээлэн байгуулах зөвлөмжийг боловсруулж ЮНЕСКО-д хүргүүлсэн аж. ЮНЕСКО нь 1993 онд болсон Ерөнхий бага хурлын 27-р чуулганаараа уг зөвлөмжийг авч хэлэлцсэн ба 27С/3.12 тоот шийдвэрээр хүрээлэнг байгуулахыг дэмжсэн байна. Энэ хүрээнд Франц улсын профессор Жак Легранд техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийсэн бөгөөд нэг талаар нүүдэлчдийн түүх, соёлын хосгүй өвийг хадгалж, хамгаалах, нөгөө талаар өөрчлөлт, шинэчлэлтийн зохих элементүүдийг хөгжүүлж нүүдэлчдийн амьдралыг тасралтгүй сайжруулахад хувь нэмэр оруулах чухал шаардлага байгааг судалгаандаа онцолсон байна.

Улмаар 1998 оны 9-р сарын 16-ны өдөр байгуулсан Монгол, Казахстан, Киргиз, Турк улсын засгийн газар хоорондын гэрээгээр Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулжээ. Тухайн үеийн ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Майор хүрээлэнг байгуулахыг ихээхэн дэмжиж байсан бөгөөд Монгол улсын Гадаад харилцааны яамны болон Шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг ЮНЕСКО-оос онцлон тэмдэглэсэн байдаг. Монгол улсын Засгийн газар 1998 онд 196-р тогтоолыг баталж хүрээлэнг Соёлын төв өргөөний 7-р давхарт байршуулсан бөгөөд хүрээлэн нь 4 техник ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус хүрээлэн нь өдгөө Монгол улсын Соёлын яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус хүрээлэнгийн урсгал зардлыг Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолын дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгасан.

Удирдлага, бүтэц зохион байгуулалт

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн бусад төв, хүрээлэнгүүдтэй ижил бүтэц, зохион байгуулалттай бөгөөд дараах тогтолцоотой байна. Үүнд:

  • Тус хүрээлэн нь Ерөнхий чуулган, эрдмийн зөвлөл, нарийн бичгийн дарга нарын газраас бүрдэнэ.
  • Ерөнхий чуулган нь хүрээлэнгийн гишүүн улсын төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд улс бүр нэг төлөөлөгчтэй байна. Ерөнхий чуулган 4 жилд 1 удаа чуулж, хүрээлэнгийн бодлогод хамаарах шийдвэрүүд гаргах, эрдмийн зөвлөлийг сонгох, хүрээлэнгийн захирлыг сонгох, хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мөрийн хөтөлбөрийг батална.
  • Эрдмийн зөвлөл нь гишүүн улсуудаас санал болгосны дагуу Ерөнхий чуулганаар сонгогдсон эрдэмтдээс бүрдэнэ.
  • Эрдмийн зөвлөлийн гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгоно.
  • Эрдмийн зөвлөл нь 2 жилд 1-ээс доошгүй хуралдана.
  • Эрдмийн зөвлөл нь Ерөнхий чуулганы шийдвэрийг биелүүлэх бөгөөд хүрээлэнгийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, холбогдох арга хэмжээ авна.
  • Хүрээлэнгийн захирлыг Эрдмийн зөвлөл санал болгох ба Ерөнхий чуулган 4 жилийн хугацаатайгаар томилно. Захирал нь нэг удаа улиран сонгогдож болох ба орлогч захиралтай байж болно.

Зорилго, үүрэг

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь дараах зорилготой байна. Үүнд:

  • Нүүдлийн соёл, түүний дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн тухай мэдлэгийг хөгжүүлэх, олон төрлийн шинжлэх ухааны салбар хоорондын хандлагын үндсэн дээр өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоог ойлгон үнэлж, улмаар тухайн бүс нутгуудад соёл хоорондын яриа хэлэлцээрийг шинэчлэхэд хувь нэмэр оруулах;
  • Суурь болон хавсарга судалгааны үндсэн дээр нүүдэлчин ард түмний хөгжилд болон нүүдэлчдийн өвөрмөц соёл, иргэншил, үнэт зүйл, аж төрөх хэв маягийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах;
  • Нүүдэлчдийн амьдралын хөгжлийн хэтийн төлөвийн талаар баримтлах бодлого, төлөвлөлтийг зохион байгуулж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг гаргах замаар улс төр, олон нийтийн зүтгэлтнүүд болон хөгжлийн төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд зөвлөж байх;
  • Нүүдлийн болон бусад соёл иргэншлийн асуудлыг судлах шинжлэх ухааны салбар дундын болон интеграл судалгааны бааз суурийг бий болгож, түүний үр дүнд эрдэмтэд холбогдох салбарын судалгааны ажлаа урагшлуулах боломж бүрдүүлэхэд оршино.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

  • Судалгааны ажлыг зохицуулах, хөхүүлэн дэмжих, зохион байгуулах (үүнд, сурвалж бичгийн материалууд, судалгааны дүнг хэвлэх, орчуулах зэрэг багтана);
  • Бичиг баримт, мэдээллийг цуглуулах, судлах, дэлгэрүүлэх (тухайлбал, мэдээллийн тогтмол сэтгүүл нийтлэх, түүнчлэн компьютерийн мэдээллийн бааз бий болгох буюу байгуулагдсан мэдээллийн бааз, компьютерийн сүлжээний холбоо тогтоох замаар хийх);
  • Дээр дурдсан салбарууд, ялангуяа нүүдэлчдийн биет бус соёлын өвийг сэргээх, хадгалах, хамгаалахтай холбогдсон нийтлэг болон тодорхой асуудлуудаар зөвлөх, зөвлөмж гаргах;
  • Эрдэм шинжилгээний ажилтнууд, ялангуяа залуу судлаачдыг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцохыг хөхүүлэн дэмжих, жишээ нь цалин, шагнал олгох замаар сайн бүтээлүүдийг урамшуулах;
  • Хамтын эрдэм шинжилгээний экспедиц болон орон нутагт хийх судалгааны ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний байнгын хамтарсан зөвлөгөөн, бага хурал, симпозиумуудыг явуулж байх зэрэг болно.

Гишүүнчлэл

Хүрээлэнгийн жинхэнэ гишүүд нь ЮНЕСКО-ийн гишүүн улсууд байх бөгөөд холбогдох байгууллага, хувь хүмүүс хүрээлэнгийн дэд болон сурвалжлагч гишүүнээр элсэх боломжтой байдаг. Одоогийн байдлаар 16 улсын 32 эрдэм шинжилгээний байгууллага дэд гишүүнээр элссэн байгаа бол Франц, ОХУ, АНУ, Хятад, Япон, Англи, Унгар, Турк, Казахстан, Киргиз, Герман, Финлянд, Итали, Тайвань, Иран, БНСУ, Энэтхэг, Индонез зэрэг 18 улсын 151 эрдэмтэн, судлаачид сурвалжлагч гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.

Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://nomadic.mn/ цахим хуудаснаас авна уу.