Дэлхийн иргэний боловсрол

Дэлхийн иргэний боловсрол (ДИБ) нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал, ядуурал зэрэг сорилтуудад ЮНЕСКО-оос өгөх хариу үйлдэл бөгөөд бүх насны иргэдэд эдгээр асуудлууд нь зөвхөн улсад бус харин дэлхий дахинд байгаа гэдгийг ойлгуулан иргэдийг тайван, аюулгүй, тогтвортой нийгмийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлдэг.

ДИБ нь ЮНЕСКО-ийн Боловсролын хөтөлбөрийн стратегийн нэг чиглэл бөгөөд энх тайван, хүний эрхийн боловсролын чиглэлээр хийгдсэн ажлууд дээр тулгуурладаг. Хариуцлагатай дэлхийн иргэнийг дэмжих, бүтээлч сэтгэлгээ, инновац, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийг цогцлоох үнэт зүйл, хандлага, зан төлөвийг суралцагчдад төлөвшүүлэхийг зорьдог.

ЮНЕСКО-ийн тус чиглэлийн үйл ажиллагаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Боловсрол 2030 хөтөлбөр, тэр дундаа Тогтвортой хөгжлийн 4.7-р зорилт, Олон улсын ойлголцлын тухай боловсролын зөвлөмж, Хүний эрх, суурь эрх чөлөөтэй холбоотой хамтын ажиллагаа, энх тайван болон боловсролын талаарх 1974 оны зөвлөмж, 2005 оноос хэрэгжиж буй Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр зэрэгт суурилсан байдаг.

ЮНЕСКО нь Дэлхийн иргэний боловсролыг түгээн дэлгэрүүлэхдээ олон улсын хэмжээнд байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд үүнд ЮНЕСКО-ийн нэгдүгээр зэрэглэлийн хүрээлэнгүүд, НҮБ-ын агентлагууд болон Засгийн газар хоорондын байгууллагууд, түүний дотор бүс нутгийн хүрээний ЮНЕСКО-ийн Махатма Гандийн нэрэмжит боловсролын хүрээлэн, Африк дахь чадавхийг бэхжүүлэх олон улсын хүрээлэн, ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн, Олон улсын харилцан ойлголцлын төлөөх Ази, Номхон далайн боловсролын төв, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ болон ЮНЕСКО-ийн Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ зэрэг байгууллагууд багтдаг.

Монгол улс НҮБ-ын чуулганаар тунхагласан “Бичигтэн болгох 10 жил”-ийн эхлэл суурийг ЮНЕСКО-ийн хүрээнд тогтоолын төсөл боловсруулан тавьж байснаас гадна “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолын төсөл санаачилж бусад гишүүн орнуудын хамт боловсруулан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оруулан 2013 онд батлуулсан.