Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол

Тархины хэвийн үйл ажиллагаа нь бидний авч байгаа мэдээллээс шалтгаалдаг бөгөөд эдгээр нь янз бүрийн эх үүсвэрээс авч буй (тухайлбал, хүмүүс, хэвлэл мэдээлэл, номын сан, архив, музей, нийтлэгч болон бусад интернэт зэргээр мэдээлэл түгээгчид г.м) мэдээллүүд нь бидний итгэл үнэмшил, ойлголт болон хандлагад ихээр нөлөөлдөг билээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар иргэдийн мэдээлэл олж авах, харилцаа холбоо тогтоох боломж нь маш их нэмэгдсэн хэдий ч, зарим хүмүүсийн хувьд мэдээлэл олж авах боломж нь тун хязгаарлагдмал байдаг бол бусад нь хэвлэл мэдээлэл, шууд нэвтрүүлэг болон бусад дижитал хэлбэрээр хангалттай мэдээллээр хангагдаж байна. “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” нь цахим, цахим бус орчныг хэрхэн зүй зохистой ашиглах, мөн аливаа мэдээлэлд хэрхэн шүүмжлэлтэй хандаж дүгнэх вэ? Цахим болон цахим бус орчин дахь бидний эрх үүрэг юу вэ? Мэдээлэл олж авах, ашиглахтай холбоотой ёс зүйн асуудлууд юу вэ? Эрх тэгш байдал, соёл, шашин хоорондын хамтын ойлголцол, энх тайван, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл олж авах эрх зэргийг хөхиүлэн дэмжихэд хэвлэл мэдээлэл болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрхэн ашиглаж чадах вэ зэрэг асуултуудад хариулт өгдөг.

ЮНЕСКО нь сургалтын хөтөлбөр боловсруулалт, бодлогын удирдамж, зохицуулалт болон үнэлгээний тогтолцоо зэрэг чадавх бэхжүүлэх нөөц боломжуудаар дамжуулан, иргэдийн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (MIL) тухай бие даан суралцахад зориулсан үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй онлайн курсууд нь хүртээмжтэй байдаг. ЮНЕСКО нь Хэвлэл мэдээлэл болон мэдээллийн технологиудаар мөн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын төлөөх Дэлхий нийтийн түншлэл (GAPMIL) болон ХММСБ-ын Их сургуулиудын сүлжээгээр (MILD) дамжуулж судалгаа, сүлжээнүүдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмждэг. “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол: шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээ, бичиг үсэгт тайлагдсан байдал, соёл хоорондын, иргэншил, мэдлэг болон тогтвортой байдал” (MIL CLICKS) хэмээх саяхан хэрэгжиж эхэлсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн санаачилга нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн боловсролтой нийгмийг бий болгоход чиглэсэн ЮНЕСКО-ийн стратегийн нэг хэсэг юм.

ЮНЕСКО болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийг 3 дахь жилдээ (2018-2020) хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор Үндэсний сүлжээ байгуулав.

Үндэсний сүлжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 15 байгууллага нэгдэж буй бөгөөд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, сүлжээ байгуулагдсаныг албан ёсоор 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зарлав.

Үндэсний сүлжээ байгуулах санаачилгыг Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс гаргасан бөгөөд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Глоб интернэйшнл төв, Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МҮОНТВ-ийн Гэр бүлийн суваг, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ, Faro foundation Mongolia, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар гэсэн байгууллагууд нэгдэн оров.

Энэхүү сүлжээнд нэгдэн орох асуудал бүх байгууллагад нээлттэй бөгөөд хамтран ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байгууллагуудыг урьж байна. Монгол улс дахь Хэвлэл мэдээлэл, мэдээллийн үндэсний сүлжээний талаар доорх холбоосоор орж тогтмол мэдээлэл авах боломжтой. https://www.facebook.com/MILMongolia