КОВИД-19 ба Боловсролын хариу арга хэмжээ

НҮБ-аас “Монгол улсад КОВИД-19 цар тахлын тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” төслийг 2020 оны 6 дугаар сараас эхлэн боловсролын салбарт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд БШУЯ, БМДИ, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, “Монгол контент” ХХК хамтран теле-хичээлийн агуулга дээр үндэслэж сурагчдын оролцоог дэмжсэн 104 интерактив жишиг хичээл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Теле хичээлийг дэмжих 104 интерактив хичээлийн зохиол, үнэлгээний асуулгыг БМДИ, дуу дүрс, мультимедиа элементээр баяжуулан интерактив хэлбэрт шилжүүлэх ажлыг Монгол контент XXК хариуцан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд НҮБ-ын байгууллагууд, БМДИ, МУИС, Монгол контент ХХК хамтран теле хичээлийн контентийн зохиол боловсруулах хоёр удаагийн сургалтыг зохион байгуулж, боловсролын арга зүйчид болон ЕБС-ийн нийт 100 гаруй багш хамрагдав.

Энэ төслийн хүрээнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Боловсрол дахь МХХТ-ийн бодлогын өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж зөвлөмж боловсруулах ажлыг мөн эхлүүлээд байна. Цаашид Боловсрол дахь МХХТ-ийн бодлогын дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг боловсруулахад ЮНЕСКО-оос дэмжлэг үзүүлж ажиллах юм.

ЮНЕСКО нь КОВИД-19 цар тахлын үед Боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх онцлох асуудлуудыг хөндөн цуврал нийтлэлийг эрхлэн гаргасан. Энэхүү цуврал нийтлэлээс ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын үндэсний комиссын удирдлага дор монгол хэлнээ орчуулан нийтэд түгээх ажлыг гүйцэтгэв.