Нийгмийн өөрчлөлтийн удирдлага

ЮНЕСКО нь Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг, бодлого, үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог сайжруулж нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө засгийн газар, иргэний нийгэм болон холбогдох талуудтай хамтран ажилладаг бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд, ялангуяа тогтвортой хөгжлийн 5, 10, 16 дугаар зорилтуудын хүрээнд ядуурлыг бууруулах, тэгш хамарсан, үр өгөөжтэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих зэрэг зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулдаг.

Энэхүү хөтөлбөр нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар дахь хэрэгцээ, шаардлагыг харгалзан нийгмийн ухааны эрдэмтэд ба улс төрчдийн хоорондын харилцаа, холбоог бэхжүүлж нотолгоо, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг хөхиүлэн дэмжих замаар бодлого боловсруулах үйл явцыг сайжруулахад гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1994 оноос хэрэгжиж эхэлсэн билээ.

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр нь (1) мэдлэгийг бий болгож, хөхиүлэн дэмжихийн төлөө судалгаа хийх, (2) гишүүн орнуудыг оролцуулсан засгийн газар хоорондын форумыг зохион байгуулах, (3) бодлогыг дэмжиж чадавх бэхжүүлэх гэсэн үйл ажиллагааны гурван баганын хүрээнд дараах үндсэн гурван зорилттой үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  1. Нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэдлэгээр дамжуулан бодлогыг дэмжиж чадавх бэхжүүлэх;
  2. Судалгаа, үйл хэргээр дамжуулан мэдлэгийг түгээх;
  3. Үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах.

Уг хөтөлбөр нь үйл ажиллагааны эхний багана буюу мэдлэгийг хөхиүлэн дэмжих ажлын хүрээнд Олон улсын шинжлэх ухааны зөвлөл, Олон улсын философи ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны зөвлөл зэрэг олон улсын, бүс нутгийн болон үндэсний шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Дэлхийн хүмүүнлэгийн бага хурал, Дэлхийн нийгмийн шинжлэх ухааны форум зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.  Түүнчлэн жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр нь үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах чиглэлд “MOST Schools” буюу холбогдох талуудыг оролцуулсан сургалт, семинарууд, “Inclusive Policy Lab” буюу хүртээмжтэй бодлогын лаборатори зэрэг үйл ажиллагаануудыг явуулдаг.

 

Засгийн газар хоорондын зөвлөл

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёр дахь баганын хүрээнд тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл болон бие даасан Шинжлэх ухааны зөвлөх хороо үйл ажиллагаа явуулж хөтөлбөрийг удирдан чиглүүлдэг. Засгийн газар хоорондын зөвлөл нь дараах үүргийг хүлээнэ:

  • Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдаж чиглүүлэх,
  • Хөтөлбөрийг шинэчлэх, хөгжүүлэх саналыг авч үзэх,
  • Хөтөлбөрийн хамрах өргөн хүрээний сэдвүүдийг тодорхойлох,
  • Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг санал болгох,
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаа, ололт амжилтад үнэлгээ, дүгнэлт хийх,
  • Шинжлэх ухааны зөвлөх хорооноос гаргасан тайланд үндэслэн хөтөлбөрийн аль чиглэлд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг тодорхойлох,
  • Хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардагдах нөөц бололцоог бүрдүүлэх.

Зөвлөл нь ЮНЕСКО-ийн 35 гишүүн улсаас бүрдэх бөгөөд гишүүдийг ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганаар сонгож 4 жилийн хугацаатайгаар томилж ажиллуулдаг. Чингэхдээ, ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын тэгш тоотой чуулганаар 17 гишүүнийг, сондгой тоотой чуулганаар 18 гишүүнийг сонгодог. Зөвлөлийн гишүүд нь товчооны ерөнхийлөгч, 4 дэд ерөнхийлөгчийг сонгох үүрэгтэй ба зөвлөл нь хоёр жилд нэг удаа хуралддаг бол Зөвлөлийн товчоо нь жил бүр хуралддаг.

Шинжлэх ухааны зөвлөх хороо нь нийт 9 гишүүнтэй бөгөөд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал нийгмийн шинжлэх ухааны салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийг зөвлөх хорооны гишүүнээр 3 жилийн хугацаатайгаар томилдог. Уг хороо нь дүрмийн дагуу хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон холбогдох бусад асуудлаар Засгийн газар хоорондын зөвлөлд зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй. Түүнчлэн ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр нь гишүүн улсууд дахь үндэсний хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийг дэмжих зорилгоор Бүс нутгийн сайд нарын форумыг зохион байгуулдаг.

 

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монгол улс дахь хэрэгжилт   

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрөөр дамжуулан Монгол улсад хариуцлагатай, ил тод, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хэлбэр бүхий орон нутгийн захиргааг бэхжүүлэх зорилгоор “Хүний эрх, ардчилал ба хөгжил–багийн түвшинд” хэмээх төслийг 1996-1998 онд хэрэгжүүлсэн. Тус төслийг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр 2001 онд “Төв Азийн орнууд дахь ардчилал ба хүний эрх багийн төвшинд” семинарыг зохион байгуулсан бөгөөд түүний дараагаар хөдөө орон нутгаас хотод шилжин суурьшиж байгаа үйл явцыг судлах, тэдний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлд “Төв суурин газар шилжин суурьшиж буй залуу эмэгтэйчүүдийн дунд ядуурлыг бууруулах нь” сэдэвт салбар хоорондын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэв.

2006-2007 онд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотноо шилжин суурьшигчдыг шинэ орчиндоо дасан зохицож, амьдрах чадвар суулгах зорилгоор “Шилжин суурьшигч тантай хамт” төсөл амжилттай хэрэгжүүлж, түүнд хамрагдагсад нийгмийн үйлчилгээ хүртэж, ажлын байртай болж, ахуй амьдралаа сайжруулах боломжтой болсон. Түүнчлэн “Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” хөтөлбөрийн хүрээнд алслагдсан нутгийн хүн амын ядуурлыг бууруулах, олон нийтийг мэдээллээр хангах, албан бус боловсролоор дамжуулан мэдлэг, чадвар олгох, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, өрхийн амьжиргааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод аймгуудад гурван жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлэв.

Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлогч, шийдвэр гаргагч нар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан таамаглаж, түүнийгээ ашиглан хамгийн оновчтой шийдвэрүүдийг гаргах чадварыг дээшлүүлэх үндсэн зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент ирээдүй судлал” сургалт семинарыг 2015 онд, 2017 онд “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент Монгол улсын хөгжлийн хэрэгцээ: Боловсролын салбарын шинэчлэл ба залуусын ажил эрхлэлт” семинарыг тус тус зохион байгуулж байв.

2019 оны 7 дугаар сард Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: мэдлэгээс төрийн бодлогод” семинарыг зохион байгуулсан. Семинарын төгсгөлд оролцогчид зөвлөмж боловсруулсан бөгөөд уг зөвлөмжид төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж төрийн бодлого, чиглэлээ оновчтой тодорхойлон гаргах шаардлагатай хэмээн дүгнэсэн. Түүнчлэн энэхүү баримт бичгээр дамжуулан төрийн бодлого боловсруулах үйл явцыг шинжлэх ухаанд суурилсан, алсыг харсан, бодлогын залгамж чанарыг хадгалсан байдлаар боловсронгуй болгож УИХ, Засгийн газрын дэргэд бодлогын судалгааны нэгж байгуулан судалгааны үр дүнг төрийн бодлогод тусгаж байхыг төрийн бодлого боловсруулагчдад зөвлөсөн бол эрдэм шинжилгээний байгууллагууд ба эрдэмтэн судлаачдад ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөртэй хамтран ажиллах, мөн бодлого боловсруулагчдад шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо бүхий судалгаа, зөвлөмжүүд хүргэх чиглэлээр ажиллахыг зөвлөсөн.

 

Монголын үндэсний хороо

ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, бодлого гаргагчдад дэмжлэг үзүүлэх дотоодын хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хороог Гадаад харилцааны сайдын тушаалаар  2019 оны 11 дүгээр сард байгуулсан.

Үндэсний хороо нь бодлогын зөвлөх хорооны шинж чанартай бөгөөд бодлого боловсруулалт, төлөвлөлт, мөн нийгмийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд мэргэшсэн 9 гишүүнээс бүрдсэн. Хөтөлбөрийн Монголын үндэсний хороо нь дараах чиг үүргийн хүрээнд ажилладаг. Үүнд:

  • Үндэсний хэмжээнд парламент, салбарын яамд болон холбогдох бусад төрийн байгууллагуудад стратегийн болон бодлогын зөвлөгөө өгөх;
  • Шинжлэх ухааны бодлогоор хязгаарлагдахгүйгээр аливаа холбогдох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл явцад нийгмийн шинжлэх ухаан ба бодлогын уялдаа холбоог хангахтай холбоотой үндсэн асуудлуудыг тусгах зорилгоор оролцох;
  • Тухайн уялдаа холбоонд нөлөөлж буй норматив ба бүтцийн асуудлуудад дүн шинжилгээ хийх;
  • Бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдад чиглэсэн зөвлөмж боловсруулах;
  • Нийгмийн шинжлэх ухаан, бодлогын уялдаа холбоог хангах хэрэгцээ, сонголтуудын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах;
  • Холбогдох бүх талуудыг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах.