Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөр

ЮНЕСКО нь Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөрийг Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөр болон Дэлхийн геопаркууд хөтөлбөр гэсэн хоёр дэд хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг.

Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөр нь улс орнуудын эрдэмтэн судлаачдын байгаль, хүний хоорондын харилцаа, дэлхийн эрдэс болон эрчим хүчний нөөцийг тогтоох судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нь хэвлэн нийтлэх, олон улсын уулзалт, хурал зохион байгуулах, мөн түүнчлэн судалгааныхаа арга барил, техник технологийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус хөтөлбөр нь 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш дэлхийн 150 орчим улс оронд 500 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.

ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд хөтөлбөр нь олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд 33 орны 120 газар нэгдээд байна.

 ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын туршлагаас харахад эдийн засгийн өсөлт бага, ажилгүйдлийн түвшин өндөр, залуучууд нь олноор гадагшаа гарч ажил хайдаг гэх мэт ижил төстэй бэрхшээл бүхий улс орнууд эдгээр асуудлаа ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк хөтөлбөрийг хэрэгжүүлж, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар шийдвэрлэж чадсан байдаг. Иймээс энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, уг хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх нь манай улсын геологийн өвийн хадгалалт хамгаалалт, аялал жуулчлал, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой юм.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан,  геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопарк олон улсын хөтөлбөрийг Монгол улсад анх удаа танилцуулах зорилгоор чуулга уулзалтыг 2018 оны 6 дугаар сард зохион байгуулж энэ хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт аялал зохион байгуулж геопарк болгон хөгжүүлэх боломжит газруудыг үзэж олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөмж авсан. Олон улсын мэргэжилтнүүд хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхдээ Геопарк болгон хөгжүүлэх боломжит газруудыг судлах, шаардлагатай арга хэмжээг авах, нэр дэвшүүлэх, баталгаажуулах, өргөтгөх ажлуудыг зохицуулах үүрэгтэй Геопаркийн үндэсний хороог байгуулж ажиллахыг онцлон тэмдэглэсэн.