Мэдээлэл, харилцаа холбооны технологийг боловсролд ашиглах нь

Боловсролын асуудлыг хариуцдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хувьд ЮНЕСКО нь улс орнуудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн тусламжтайгаар Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго болон Чиндаогийн тунхаглалд тусгагдсан зорилго, зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

ЮНЕСКО нь боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгох, багшийн хөгжлийг дэмжих, суралцах чанарыг сайжруулах, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх,  боловсролын удирдлага, засаглалыг сайжруулахад технологийн олон арга хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцах зэргээр улс орнуудад дэмжлэг үзүүлдэг. Мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийг боловсролд амжилттайгаар хэрэгжүүлсэн сайн туршлага дээр үндэслэн бодлогын удирдамж, зөвлөмжийг боловсруулдаг.

ЮНЕСКО нь чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа, техникийн тусламж зөвлөгөө, судалгааны ажлууд, олон улсын хурлууд, тухайлбал “Мобайл суралцахуйн долоо хоног” г.м үйл ажиллагаагаар дамжуулан засгийн газрууд болон бусад сонирхогч талуудад суралцахуйн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах, хэрэглэхэд туслалцаа үзүүлдэг.