ЮНЕСКО-ийн тэнхимүүд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ

1992 онд байгуулагдсан ЮНЕСКО-ийн Тэнхимүүдийн болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ нь 110 орны 830 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд мэдлэгийг хуваалцах, хамтран ажиллах замаар их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн боловсрол, байгаль ба нийгмийн шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

Энэ сүлжээгээр дамжуулан дэлхий даяар дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн хүний болон материаллаг нөөц баялгийг бий болгож, тулгарч буй сорилтуудыг даван туулж, нийгэмд хувь нэмэр оруулж байна.  Ихэнх тохиолдолд сүлжээ болон тэнхимүүд нь эрдэмтэд, иргэний нийгэм, орон нутгийн нийгэмлэгүүд, судлаачид болон бодлого боловсруулагчдын дунд гүүр болон ажилладаг. Мөн бодлогын чанартай шийдвэр гаргах, багшлах шинэ арга санаачилгыг бий болгох, судалгаа шинжилгээнд үндэслэн шинэлэг санаачилга дэвшүүлэх, соёлын олон талт байдлыг дэмжихийн зэрэгцээ одоо байгаа их, дээд сургуулиудын хөтөлбөрийг баяжуулахад хувь нэмрээ оруулдаг.  Мэргэжилтэн дутмаг газруудад UNITWIN сүлжээ нь бүс нутгийн болон дэд бүсийн түвшинд тэргүүн туршлага, инновацын тулгуур болдог.

UNITWIN сүлжээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Тус хөтөлбөр нь

-Тухайн орны эрх бүхий байгууллагууд болон ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургууль, дээд боловсролын байгууллагууд,

-Дээд боловсролын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд,

-Эрдэм шинжилгээний байгууллагууд,

-Их, дээд сургуулиудын болон академик холбоод,

-ЮНЕСКО-той хамтын ажиллагаатай болон хамтын ажиллагаа хөгжүүлэхээр төлөвлөж буй үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшний дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нээлттэй байдаг.

Дээрх дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ЮНЕСКО-ийн Тэнхимүүд болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээнд хамрагдах өргөдөл гаргах боломжтой.

Сүлжээнд бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй зааврыг https://unitwin.unesco.org/en-us/Pages/HowToApply.aspx холбоосоор хүлээн авна уу.

Өргөдлийг жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээн авдаг.

Дэлгэрэнгүйг https://en.unesco.org/unitwin-unesco-chairs-programme

холбоосоор хүлээн авна уу.