Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр

ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийг хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилгоор 1980 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 39 гишүүн улсын бүрэлдэхүүнтэй. Зөвлөл нь хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг батлах, хөтөлбөрт гишүүн улсуудын үр дүнтэй оролцох арга замыг хэлэлцэх, хөтөлбөрөөс тусламж хүсэж буй төслийн шаардагдахуйц санхүүжилтийн зохистой тогтолцоог батлах зэрэг үүрэгтэй. Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр 2013-2017 оны хооронд сонгогдон ажиллав. Зөвлөлийн ээлжит хурал хоёр жилд нэг удаа болдог бөгөөд хурлын хороонд дарга, гурван дэд дарга, илтгэгч болон бусад гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Товчоо ажилладаг. Товчоо нь жил бүр хуралдаж төсөл шалгаруулах, батлах, Зөвлөлийн хурал зохион байгуулалтыг төлөвлөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Зөвлөлийн 30 дугаар хурлаар Монгол улс Товчооны дэд даргаар сонгогдон ажиллав.

 

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн монголын үндэсний хороо

ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Гадаад харилцааны сайдын A/19 тоот тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдан үр дүнтэй ажиллаж байна. ЮНЕСКО-ийн мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамаарагдах олон улсын өдрүүдээр (Дэлхийн радиогийн өдөр, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр, Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр г.м.) тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэж байна. Тухайлбал, 2017, 2018, 2019 онуудад Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан IPDCtalks Mongolia чуулганыг өргөн хүрээнд зохион байгуулав. Тус хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, соёлын өвийг эрэн сурвалжлах, хадгалж хамгаалах болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт дээр идэвхтэй ажиллаж байна.

Монгол улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт ЮНЕСКО-ийн үзэл санааг дэлгэрүүлж мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр болон бусад хөтөлбөрөөр дамжуулан үр дүнтэй хамтран ажиллаж байна. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр нь хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилготой юм.

Монгол улсад хэвлэлийн комбинатын сургалтын төвийн тоног төхөөрөмж, шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв, “Монгол хэвлэл” нэгтгэл, радио телевизийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь мэдээлэл түгээх, мэдээллийн тэгш бус байдлыг багасгахад чухал ач холбогдолтой болсон юм. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО Монголын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл, мэдлэгт тулгуурласан нийгмийг бий болгоход чиглүүлэн Хэвлэлийн хүрээлэнд сургалтын төв байгуулж улмаар байнгын сургалт явуулах, орон нутагт олон нийт, иргэдэд зориулсан радио станц байгуулах, Үндэсний радио, телевиз олон нийтийн болж буйтай уялдуулан радио, телевизийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, ил тод засаглалд хэвлэл мэдээллийн оролцоог сайжруулах, фото сэтгүүл зүйн боловсролыг хөгжүүлэхэд туслах зэрэг төслүүдийг хэрэгжүүлж иржээ.

“Парламентын хуралдааныг үндэсний олон нийтийн телевизээр шууд нэвтрүүлэх арга зүй” дугуй ширээний уулзалтыг хийж олон нийтийн телевизийн онцлог, үйл ажиллагааны байдал, төрийн ба бусад байгууллагаас хараат бус байх шаардлага, бусад орны туршлага, хамтын ажиллагааны хэв шинжийг оновчтой тодорхойлох нөхцөлийн бүрдүүлэв.

Манай улс 2003 онд шинээр байгуулагдсан Ази, Номхон далайн мэдээллийн сүлжээнд нэгдэн орсноор ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрт манай улсын оролцоо нэмэгдэх боломж бүрдэж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологийг сургалтад өргөн ашиглах арга зүйг боловсруулах, хүний нөөц бий болгох, шинэ тогтолцоог бүрдүүлэх, их, дээд сургуулиудад түшиглэж тогтмол сургалт явуулах, тоног төхөөрөмжөөр хангах, үйлчилгээний нэгж ажиллуулах талаар ахиц гарсан билээ. Нутгийн иргэдийн эзэмшил бүхий мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёлын олон төрөл зүйлийг хамгаалах, үндэсний цөөнхөд зориулсан мэдээллийн хэрэгслийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Баян-Өлгий аймаг зэрэг алс хязгаар нутагт үр шимийг нь хүртэж байна. Боловсролын салбарт

мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх чадавхыг нэмэгдүүлэхийн тулд Монгол улсын Багшийн их сургуульд Мэдээлэл, харилцааны технологийн төв, Нийслэлийн боловсролын газарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн ашиглалтын сайжруулах лаборатори байгуулж бүх нийтийн компьютерийн боловсролд зориулсан цуврал сургалт, теле нэвтрүүлэг явуулж гарын авлага, CD, DVD бэлтгэн гаргав.

ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөг тууштай хамгаалж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж буй тохиолдлууд, ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнуудыг барьж хорих, хөнөөх зэргийг илчлэн олон нийтэд мэдээлдэг. Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн хүрээнд “Фото сэтгүүл зүйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж олон нийтэд аливаа үйл явдлын талаарх мэдээ сурвалжлагыг чанартай гэрэл зургийн хамт хүргэх, фото сэтгүүлчдийг чадавхжуулах, орчин үеийн шаардлага хангасан лаборатори байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулахад ахиц гарсан юм. “Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайн засаглалын үйлчлэлд” төсөл хэрэгжүүлж эрэн сурвалжлах сэтгүүл зүйг шинээр хөгжүүлэх, сэтгүүлчийн ёс зүйг сахих, мэдээ баримт цуглуулж дүн шинжилгээ хийхэд нь төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн Бангкок дахь бүсийн төвийн дэмжлэгтэйгээр “Мэдээлэл харилцааны технологийг боловсролд ашиглах нь” төсөл хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-ийн болон үндэсний мэргэжилтнүүд хамтран ажилласан. Монгол улсын багш бэлтгэх сургалтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглахаар “Интел”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ЮНЕСКО, БСШУСЯ болон “Интел” компани тохиролцон Санамж бичгээр (2011-2015) хүлээсэн үүргээ биелүүлж, “Шинээр бэлтгэгдэж буй багш нарын чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлсэн билээ.