Хамрах хүрээ

Уялдаа холбоотой, үндэслэл сайтай бодлого, төлөвлөгөө нь боловсролын тогтвортой тогтолцоог бий болгох, боловсролын хөгжлийн зорилтуудад  хүрэх, насан туршийн боловсролыг үр дүнтэй болгоход чухал хувь нэмэр оруулна.

ЮНЕСКО нь гишүүн орнуудад боловсролын бодлого, стратеги боловсруулах, тэдгээрийн үр дүнтэй хэрэгжилт, “тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлж байна.

Тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ үед чанартай боловсролын хүртээмжийн ялгааг багасгахад урт хугацааны алсын хараа болон тууштай үйл ажиллагаа шаардлагатай. Санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа олон орон боловсролын удирдлага, засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл болон боловсролын байгууллагуудын бие даасан байдлыг дэмжих зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийгээд байна. Ийм нөхцөлд улс орнууд үр дүнтэй бодлого, шинэчлэлийн талаар урьд өмнөхөөсөө илүү мэдэх, суралцах эрмэлзэлтэй болоод байна.

ЮНЕСКО нь боловсролын бодлогод үнэлгээ, шинжилгээ хийх, боловсролын салбарын хөгжлийн төлөвлөгөөний загвар гаргах, үндэсний боловсролын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжихийн тулд хандивчлагчдыг дайчлах, сургалтын хөтөлбөр шинэчлэх, багш нарын талаарх бодлого боловсруулах, мэдээлэл, харилцаа, холбооны технологийг боловсролд ашиглах зэрэг үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлдэг. Түүнчлэн, бодлого боловсруулах, салбарын дүн шинжилгээ хийх, төлөвлөлт, загварчлал, нөөцийн тооцоолол гаргах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.