Олон улсын ус зүйн хөтөлбөр

Олон улсын ус зүйн хөтөлбөр (ОУУЗХ) нь ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын усны шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь 1975 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Нэгдсэн үндэстний систем дэх цэнгэг усны анхны бөгөөд цорын ганц Засгийн газар хоорондын санаачилга юм. ОУУЗХ-ийг ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганы салбар байгууллага болох Засгийн газар хоорондын зөвлөл удирддаг. ОУУЗХ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хөтөлбөрийн 168 гишүүн орны үндэсний хороод, олон улсын шинжлэх ухааны холбоод болон НҮБ-ын салбар бусад байгууллагууд харилцан зөвлөлдөх замаар боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлдэг. ЮНЕСКО нь Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн, дэлхий дахины усны судалгааны төвүүд, усны тэнхмүүдээр дамжуулан усны шинжлэх ухааны суурь мэдлэгийг түгээх зорилгоор ажилладаг.

Нидерланд улсын Делфт хотод байрлах ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн нь 2003 оноос хойш ЮНЕСКО-ийн албан ёсны нэгж хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэн нь дипломын дараах сургалтаар усны боловсрол олгодог дэлхийн хамгийн том байгууллага юм. ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн нь 1957 оноос хойш хөгжиж буй 160 улс орны 14500 гаруй усны мэргэжилтнийг бэлтгэн гаргажээ.

ЮНЕСКО-ийн удирдлага дор байдаг Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь Италийн Перугиа хотод  байрладаг. Тус хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газар нь Дэлхийн усны хөгжлийн тайланг боловсруулах ажлыг удирдан зохицуулдаг бөгөөд НҮБ-ын Усны хөтөлбөрөөр дамжуулан НҮБ-ын 31 агентлагтай хамтран тус тайланг боловсруулан гаргадаг. Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр нь 2014 оноос эхлэн Дэлхийн усны хөгжлийн тайланг стратегийн асуудлын хүрээнд “5 жилийн олон улсын усны нэгдсэн тайлан”-д нэмэлт хэлбэрээр гаргаж байна.

ЮНЕСКО-ийн ивээл дор байгуулагдсан устай холбоотой 30 гаруй төв байдаг бөгөөд эдгээр төвүүд нь бүс нутгийн болон олон улсын түвшинд ОУУЗХ-ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулдаг.

ЮНЕСКО-ийн гишүүн орнууд тус хөтөлбөрийн үндэсний хороог байгуулах замаар хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийг зорьдог. Энэхүү хөтөлбөрийн Монголын үндэсний хороог 2003 онд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын даргын тушаалаар анх үүсгэн байгуулсан бөгөөд 2013, 2015, 2017 хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батласан. Үндэсний хороо нь хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, бүс нутгийн арга хэмжээнд идэвхтэй байр суурь баримталж оролцдог.

ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хороо

ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хороог байгуулах саналыг анх 1990 онд тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд дарга тавьсан бөгөөд энэхүү саналыг бүсийн орнууд дэмжиж 1993 онд Филиппин улсын Манила хотод болсон Олон улсын ус зүйн хөтөлбөрийн бүсийн хурлаар энэхүү хороог албан ёсоор байгуулсан. Үүнээс хойш тус хороо Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хамтын ажиллагааг дэмжин, бүс нутгийн хурлыг жил бүр зохион байгуулдаг болсон бөгөөд хурлын хүрээнд үндэсний хороод хийсэн ажлаа танилцуулан, хоорондын туршлага, санал бодлоо солилцдог.

2017 оны байдлаар тус удирдах хороонд Австрали, Камбож, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Малайз, Монгол, Шинэ Зеланд, ПапуаШинэ Гвиней, Филиппин, Тайланд, Въетнам зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орон хамрагдаад байна. Хорооны үйл ажиллагааг Япон улсын Засгийн газар, Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яам болон Японы итгэлцлийн сангаар дамжуулан дэмжиж ажилладаг. Тус хорооны үйл ажиллагаанд судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр, сургалт семинар, хурал зохион байгуулах зэрэг ажлууд ордог.

 

ГАЗРЫН ДООРХ УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЮНЕСКО-ИЙН ТЭНХИМ

ЮНЕСКО нь их, дээд сургуулиудын хооронд мэдлэг солилцох олон улсын сүлжээг бий болгох зорилгоор 1992 оноос эхлэн их, дээд сургуулийн хамтын ажиллагааны сүлжээ буюу ЮНИТВИН хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийнхөө хүрээнд ЮНЕСКО-ийн тэнхимүүдийг байгуулан ажиллах боломжийг гишүүн орнууддаа олгодог. ЮНЕСКО нь тэнхимүүдээрээ дамжуулан ЮНЕСКО-ийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд нэмэгдүүлж, тэдэнтэй хамтран ажиллах зорилготой юм. 2021 оны 03-р сарын байдлаар дэлхийн 114 оронд нийт 834 ЮНЕСКО-ийн тэнхим байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улс анх удаа 2007 онд Япон улсын Цукувагийн их сургуультай хамтран Газрын доорх усны тогтвортой менежментийн ЮНЕСКО-ийн тэнхимийг газрын доорх усны чиглэлээр сургалт, судалгааны ажлууд хийх, холбогдох мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх зорилгоор ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн дээр байгуулсан. Тус тэнхим нь үйл ажиллагааныхаа хүрээнд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй байгуулсан газрын доорх усны мониторингийн сүлжээг ашиглан холбогдох хэмжилтүүд, гадаргуугийн болон газрын доорх усны харилцан хамаарлын судалгааг тогтмол хийж, мэдээллийн сангаа баяжуулан ажилладаг. Мөн Япон улсын Цукувагийн их сургуультай оюутан солилцох ажлууд болон усны салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн тэнхимүүд нь 4 жил тутамд ЮНЕСКО-д тайлангаа хүргүүлж, үйл ажиллагаа явуулах хугацаагаа сунгуулах шаардлагатай бөгөөд тус тэнхим нь 2007 оноос хойш тайлангаа хугацаанд нь хүргүүлж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Одоогийн байдлаар тус тэнхимийн эрхлэгчээр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, доктор С.Чинзориг ажиллаж байна.