Хүн ба шим мандал хөтөлбөр

ЮНЕСКО-ийн ХБШМ хөтөлбөр нь 1971 онд үндэс сууриа тавьсан бөгөөд хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох зорилготой олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. ХБШМ хөтөлбөр нь хүмүүсийн ​​амьжиргааг сайжруулах, байгалийн үр шимийг тэгш хүртээх, экосистемийг байгалийн ба хүний оролцоотойгоор хадгалан хамгаалах болон соёлын хувьд зохимжтой, байгаль орчны хувьд тогтвортой эдийн засгийн хөгжлийн шинэлэг арга барилуудыг дэмжихийн тулд байгалийн ба нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, боловсролыг хослуулан хэрэглэдэг.

Тус хөтөлбөр нь шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм – эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой.

Мөн үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг.

Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд Европын шим мандлын нөөц газруудын сүлжээ, Латин Америкийн шим мандлын нөөц газруудын сүлжээ, Ази-Номхон далайн шим мандлын нөөц газруудын сүлжээ, Арабын орнуудын шим мандын нөөц газруудын сүлжээ, Зүүн Азийн шим мандлын нөөц газруудын сүлжээ гэх мэт олон сүлжээ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээг 1995 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус сүлжээнд Монгол улсаас гадна БНХАУ, Япон, БНАСАУ, БНСУ, ОХУ, Казакстан улс багтдаг. Монгол улс энэхүү сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн. Тухайлбал, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг 1997 онд Богд-Хан Уулын дархан цаазат газарт, 8 дугаар хурлыг 2003 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт, 10 дугаар хурлыг 2007 онд Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, 13 дугаар хурлыг 2013 онд Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулсан.

2020 оны байдлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд дэлхийн 129 орны нийт 714 газар бүртгэгдээд байгаа бөгөөд энэхүү сүлжээнд Монгол улсаас 7 газар хамрагдаад байгаа юм.

 

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын бүсчлэл ба Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн тухай хуулиар тогтоосон дотоод бүсчлэл хоорондын харьцуулалт

1995 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганы 28 дугаар хуралдааны  28C/2.4 тогтоолоор баталсан Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээний дүрмийн 4 дүгээр зүйлд “Аливаа шим мандлын нөөц газар нь (1) хадгалалт хамгаалалтын зорилгууд, тэдгээрт нийцсэн хангалттай хэмжээтэй, урт хугацаагаар хамгаалах шаардлагатай, хуулиар тогтоосон онгон бүс (2) онгон бүсийг хүрээлсэн эсвэл хил залгаа орших, зөвхөн хамгаалалтын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар тогтоосон орчны бүс, (3) байгалийн нөөцийн тогтвортой менежментийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх зориулалт бүхий хамгийн гадна талын шилжилтийн бүс гэсэн 3 бүстэй байна” хэмээн заасан байдаг. Шим мандлын нөөц газрууд эдгээр бүсэд зөвшөөрсөн үйл ажиллагаагаар дамжуулан тус дүрмийн 3 дугаар зүйлд заасан 3 үндсэн үүргийг биелүүлэх ёстой. Энэ 3 бүсэд зөвшөөрсөн үйл ажиллагааг Севилийн стратегид тодорхой дурдсан.

Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн тухай хуулиар дархан цаазат газар (ДЦГ) нь (1) онгон бүс (2) хамгаалалтын бүс (3) хязгаарлалтын бүс (4) орчны бүс гэсэн 4 бүстэй, байгалийн цогцолборт газар (БЦГ) нь (1) онцгой бүс (2) аялал жуулчлалын бүс (3) хязгаарлалтын бүс (4) орчны бүс гэсэн 4 бүстэй бөгөөд тус хуульд эдгээр бүсэд зөвшөөрөх болон хориглох үйл ажиллагааны дэглэмийг тодорхойлсон байдаг.

Монгол улсын ТХГН-ийн хуулийн дагуу тогтоосон дотоод бүсчлэлийг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын бүсчлэлтэй харьцуулахад нэр томъёоны төдийгүй үйл ажиллагааны хүрээ, дэглэмийн хувьд нэлээд зөрүүтэй байна. Иймд Монгол Улсын ТХГН-ийн тухай хуульд заасан дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлүүд, тэдгээрийн дэглэмийг Шим мандлын нөөц газрын онгон, орчны, шилжилтийн гэсэн 3 бүсэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай харьцуулан дүн шинжилгээ хийж дараах ерөнхий дүгнэлтийг хийсэн болно. Үүнд:

  1. Монгол улсын ТХГН-ийн тухай хуулиар тогтоосон онгон бүсийн дэглэм нь ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын онгон бүсэд зөвшөөрсөн үйл ажиллагаатай нийцэж байна гэж үзэх,
  2. Монгол улсын ТХГН-ийн тухай хуулиар тогтоосон хамгаалалтын болон хязгаарлалтын бүсийн үйл ажиллагааны дэглэм нь ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын орчны бүсийн дэглэмтэй ихэнх тохиолдолд дүйцнэ гэж үзэх,
  3. Монгол улсын ТХГН-ийн тухай хуулиар тогтоосон орчны бүсийн дэглэм нь бүхэлдээ ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын шилжилтийн бүсэд зөвшөөрсөн үйл ажиллагаатай нийцэж байна хэмээн тогтоолоо.