Био ёсзүй

Үүдэл эсийн судалгаа, генетикийн шинжилгээ, ген хувилах зэрэг амьдралын шинжлэх ухааны болон хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл зэрэг техник, технологийн дэвшилтийн  нийгэм, соёл, хууль эрхзүйн болон ёсзүйн үр дагавруудыг нийтэд нь авч үзэх зорилгоор “био ёсзүй” хэмээх нэр томьёог шинээр гаргаж ирсэн байдаг.

ЮНЕСКO нь 1993 онд Био ёсзүйн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн ба энэхүү хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн шинжлэх ухаан, технологийн ёс зүйн хөтөлбөрт хамаарна. 1997 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар био ёсзүйн салбар дахь цорын ганц олон улсын баримт бичиг болох “Хүний геном ба хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан бөгөөд уг баримт бичгийг 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей дахин баталсан билээ.

Био ёсзүйн хөтөлбөр нь 36 бие даасан эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй “Олон улсын био ёс зүйн хороо” болон 36 гишүүн улсаас бүрдсэн “Засгийн газар хоорондын био ёсзүйн хороо” гэсэн хоёр зөвлөх хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг хариуцдаг бөгөөд хамтран зөвлөгөө, зөвлөмж, төслийн санал боловсруулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал болон удирдах зөвлөлд хүргүүлдэг.

Хөтөлбөр нь дараах 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Сургалт семинар зохион байгуулах: Олон улсын нийгэмлэг, гишүүн орнуудын ёс зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд үзүүлж буй шинжлэх ухааны нөлөөлөл, түүний хэрэглээний талаарх сүүлийн үеийн ололт амжилттай холбогдолтой ёс суртахууны үндсэн сэдвүүдээр үндэсний болон олон улсын мэтгэлцээн, бага хурал, симпозиум зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.
  • Стандартыг тогтоох арга хэмжээ: 1997 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар баталсан “Хүний геном болон хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь Био ёсзүйн хөтөлбөрөөс гарсан анхны бичиг баримт юм. Хүний генийн мэдээллийн талаарх олон улсын тунхаглал нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үргэлжлэл хэсэг бөгөөд түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2003 онд, “Био ёсзүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 33 дугаар чуулганаар 191 гишүүн орон хүлээн зөвшөөрч баталсан.
  • Зөвлөх үүрэг, чадавхыг бэхжүүлэх: Био ёсзүйн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжих, үндэсний ёс зүйн хороодыг байгуулах, үндэсний стандарт, хууль тогтоомжийг тодорхойлоход гишүүн улсуудад зөвлөх, удирдлагаар хангах үүрэг хүлээдэг. Мөн үндэсний болон бүс нутгийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, био ёсзүйн асуудлаарх байгууллагуудын сүлжээг бий болгон бүс нутгийн био ёсзүйн мэдээлэл, баримт бичгийн төв байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Тус хөтөлбөр нь нийгмийн зорилтот бүлгүүдэд ёс зүйг хөхиүлэн дэмжих, стратеги боловсруулах, бүс нутгийн ёсзүйн асуудлыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах хүрээнд ажилладаг.
  • Боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх: ЮНЕСКО-ийн био ёсзүйн институт нь зорилтот бүлгүүдийн дунд (судлаач, хуульч, сэтгүүлч, шийдвэр гаргагч гэх мэт) био ёсзүйн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, био ёсзүйн боловсролын байгууллагууд болох их, дээд сургуулиудыг чадавхжуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажилладаг.

 

ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын ёсзүйн хороо

ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын ёсзүйн хороо нь 1998 онд Олон улсын био ёсзүйн хорооны дүрмийн 11-р зүйлийн дагуу Олон улсын био ёсзүйн хорооноос гаргасан зөвлөмжүүдийг хянаж, санал дүгнэлт гарган Олон улсын био ёсзүйн хороо, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий бага хурал болон гишүүн улсуудад мэдээлэх зорилгоор байгуулагдсан. Засгийн газар хоорондын ёсзүйн хороо нь дараах чиг үүрэгтэй:

  • Генетикийн салбарт гарч буй ахиц дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ био-анагаахын судалгаа хөгжсөнөөр гарч болох болзошгүй эрсдэлийг харгалзан хүний нэр төр, эрх чөлөө, үнэт зүйлсийг дээдлэн хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх,
  • Амьдралын шинжлэх ухаан болон тэдгээрийн хэрэглээнээс үүдсэн ёс зүй, эрх зүйн асуудлуудыг эргэцүүлж бодох явдлыг хөхиүлэн дэмжих,
  • Олон нийт, био ёсзүйн салбарын холбогдох төрийн ба хувийн хэвшлийн шийдвэр гаргагчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжих.

 

Био ёсзүйн aргa хэмжээ Монгол улсад

ЮНЕСКО улс орон бүрийн их, дээд сургуулийн багш нарын био ёсзүйн мэдлэг ойлголтыг хөтөлбөрөөр дамжуулан сайжруулахыг зорьдог. 2016 онд ЮНЕСКО, Монгол улсын Шинжлэх ухааны академитай хамтран “Био ёсзүйн багшийн сургалт” гарын авлага номыг орчуулсан.

ЮНЕСКО-ийн 2016-2017 оны Оролцооны хөтөлбөрт батлагдсан төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын үндэсний комисс, “Монголын биотехнологийн нийгэмлэг” ТББ-тай хамтран “Монгол дахь био ёсзүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах нь” сэдэвт бага хурлыг 2017 оны 5 дугаар сард зохион байгуулсан юм. Энэхүү хурлын зорилго нь төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчид, судлаачид био ёсзүйн талаар нэгдсэн ойлголттой болох, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн юм.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Шинжлэх ухааны академитай хамтран 2016, 2018 болон 2019 онуудад их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн шинжлэх ухааны багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах дөрвөн өдрийн сургалтыг тус тус зохион байгуулсан. Энэхүү сургалтыг олон улсын сургагч багш нар удирдан явуулдаг бөгөөд 100 гаруй багш био ёсзүйн чиглэлээр үндэсний хэмжээнд сургалт явуулах мэдлэг, ур чадварыг эзэмшээд байна.