“Мишел Батисс” шагнал

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газруудыг удирдан, үйл ажиллагааг нь зохистой явуулахад бодит хувь нэмэр оруулж онцгой амжилт гаргасан удирдах ажилтны ур чадварыг үнэлэн урамшуулах зорилгоор Мишел Батисс шагналыг хоёр жил тутамд олгодог. Энэхүү олон улсын шагнал нь ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн хуралд оролцох эрх болон 12,000 ам.долларын мөнгөн шагналыг хамарна.

Энэхүү шагналыг Монгол улсаас 2015 онд Хустайн нурууны шим мандлын нөөц газрын захирал асан Н.Банди хүртэж байсан. Хустайн нурууны шим мандлын нөөц газар нь улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр аялал жуулчлалын орлогоороо санхүүждэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Дэлхийд дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны төрөл болох тахийг сэргээн нутагшуулахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хэмжээнд нэн ховордсон олон зүйлийн амьтан, ургамлыг бүхэлд нь хамгаалж ажилладаг. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэн, амьжиргааг нь сайжруулахад анхаарал тавьж ажилладаг менежмент сайтай, үлгэр жишээ шим мандлын нөөц газар юм.

Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой:

http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/man-and-biosphere-programme/awards-and-prizes/michel-batisse-award/