Насан туршийн суралцахуй

Насан туршийн суралцахуй

ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт 21-р зууны боловсролын салбарт шинэчлэлт хийх, насан туршийн боловсролыг хөгжүүлэн дэмжих зарчмуудыг тусгасан байдаг. ЮНЕСКО нь гишүүн орнуудад Насан туршийн боловсролын бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж, үнэлэх чиглэлд дэмжлэг үзүүлдэг.

Насан туршийн суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөрт гишүүн орнуудын оролцоонд тулгуурласан гурван үндсэн чиглэлийг баримталдаг. Үүнд:

  • Бодлогод суурилсан судалгаа, шинжилгээ хийх
  • Техникийн туслалцаа үзүүлэх болон хүний нөөцийн чадавхыг  бэхжүүлэх сургалт, семинар зохион байгуулах
  • Үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд бодлого, стратегийн хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх

Хөтөлбөрийн хүрээнд дараах салбарт анхаарал хандуулж ажилладаг. Үүнд:

  • Насан туршийн боловсролын бодлогын судалгаа, шинжилгээ
  • Албан бус сургалтуудыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, магадлан итгэмжлэх (RVA)
  • Үндэсний мэргэшлийн хүрээ
  • Суралцагч хотууд

ЮНЕСКО-оос дэлхий дахинд  хэрэгжүүлж буй төслүүд:

  • Насан туршийн суралцахуйн олон улсын удирдлага
  • Насан туршийн суралцахуйн бодлого, стратегиуд
  • ЮНЕСКО-ийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгээс албан бус сургалтуудын үр дүнг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, магадлан итгэмжлэх чиглэлээр хэрэгжүүлдэг олон улсын хөтөлбөр
  • Бүс нутгийн болон үндэсний мэргэшлийн шалгуур үзүүлэлтүүдийн олон улсын үнэлгээ
  • ЮНЕСКО-ийн суралцагч хотуудын олон улсын сүлжээ (UNESCO Global Network of Learning Cities)
  • Олон улсын судалгааны төсөл: Насан туршийн боловсрол эзэмшихэд их, дээд боловсролын байгууллагуудын оруулсан хувь нэмэр

“Ази-Номхон далайн улс орнуудын олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” төслийг ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролын 3 модулийг орчуулж, аймаг, нийслэл, дүүргийн насан туршийн боловсролын төвүүдийн тогтвортой хөгжлийн боловсролын сургалтыг зохион байгуулдаг багш нараас сонгон шалгаруулж 25 мастер багшийг бэлтгэсэн. Мастер багш нар цаашид орон нутгийн иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах юм. Мөн Насан туршийн боловсролын үндэсний төв нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Богцон дахь соёлын өв” төслийг хэрэгжүүлж байна.