Залуучууд

ЮНЕСКО залуучуудыг шинэчлэл, нийгмийн өөрчлөлт, энх тайван, тогтвортой хөгжлийн гол тулгуур хүчин зүйл гэж үзэж, ирээдүйд чиглэсэн алсын хараатай цогц бодлогыг явуулдаг. Ийм бодлогодоо ЮНЕСКО залуучуудыг тэдний үйл ажиллагааны үр өгөөжийг хүртэх, бие даан оролцох, байгууллагуудаараа дамжуулан хамтран ажиллах зэрэг замаар тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Мөн бүтээлч байдал, мэдлэг, шинэчлэл, өөрчлөлтийг жолоодох боломжийг олгох, нийгмийн болон засаглалын түвшинд залуучуудын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ирээдүйдээ итгэл алдсан эсвэл нийгэмд оролцоогүй болсон хэсэгт хүрч ажиллах зэрэг боломжийг залуучуудад олгодог юм.

 

2014-2021 онд залуучуудын талаар баримтлах ЮНЕСКО-ийн бодлого 

2013 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-ийн залуучуудын 8 дахь удаагийн чуулга уулзалтад 500 гаруй залуучууд оролцож, 2021 хүртэлх ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Энэхүү чуулга уулзалтаар залуучуудын оролцоо болон эрхийн талаар хэлэлцсэн юм. Залуу төлөөлөгчид өөрсдийн санал зөвлөмжөө танилцуулсан. Залуучуудын эрхийг хамгаалж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь цаг тутамд өөрчлөгдөн хувирч буй дэлхий ертөнцийн зогсолтгүй хурдыг гүйцэхэд чухал үүрэгтэй.

ЮНЕСКО-ийн залуучуудын бодлого нь 2014-2021 оны дунд хугацааны стратегийн үндсэн чухал зорилтуудад нэмэлт байдлаар болон шууд хэлбэрээр хувь нэмрээ оруулдаг. Эцсийн зорилго нь залуус өөрсдөө нийгмийг бүрдүүлэгч хүчин зүйл, тодорхой салбарууд дахь мэдлэг боловсролын тулгуур болохын хувьд эрх баригчид болон түүнийг хэрэгжүүлэгчдээс өөрсдийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх нээлттэй тогтвортой таатай орчинг бий болгох, тэдэнд дуу хоолойгоо сонсгох боломжийг бий болгохыг шаардах явдал. Эдгээр нөхцөлүүд нь энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах гол түлхүүр юм.

ЮНЕСКО залуучуудад чиглэсэн өргөн хүрээний бодлого, үйл ажиллагаандаа үндсэн болон шилжилтийн гурван чиглэлийг тусган ажиллаж байна. Үүнд:

  1. Залуучуудын оролцоотойгоор бодлого боловсруулж, хэлэлцэх. Залуучуудад чиглэсэн нийтийн бодлого нь тэдэнд зориулсан хөтөлбөр, алсын хараатай үйл ажиллагааг бий болгодог төдийгүй бусад олон салбар, асуудлуудад хүрч ажилладаг. Жишээ нь: боловсролоос ажил эрхлэлт, нийгмийн хөгжлөөс ардчилсан өнгө төрх, шинжлэх ухааны судалгаанаас шинэчлэл, соёл спортоос харилцаа холбоо гэх мэт.

Техникийн дэмжлэг болон залуучуудын бодлого нь ЮНЕСКО-ийн хүрээн дэх залуучуудад нөлөөлөхүйц бусад салбаруудад нийтийг хамарсан бодлогуудыг гаргаж өгдөг. Жишээ нь: Боловсролын бодлогууд (техник, мэргэжлийн боловсрол болон сургалтын бодлогууд, дээд боловсрол – хүлээн зөвшөөрөгдсөн диплом болон сертификатууд – тогтвортой хөгжлийн боловсрол), шинжлэх ухаан, соёлын бодлогууд (шинжлэх ухаан инновацийн бодлогууд, соёлын өвийн конвенцын хэрэгжилт, соёл, бүтээлч аж үйлдвэртэй холбоотой бодлого) болон кибер орон зайн мэдээлэлд хүрэх бодлого зэрэг орж байна. ЮНЕСКО улс гүрнүүдийн дунд чанартай мэдлэг мэдээлэл болон туршлагын солилцоог идэвхжүүлж, холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг.

Үндэсний хэмжээнд, шийдвэр гаргагч болон холбогдох байгууллагуудын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм. Анхаарал хандуулах гол асуудлуудын хувьд:

  • Яамд хоорондын хамтын ажиллагаа болон зохицуулалт;
  • Засаглал болон санхүүжилт;
  • Бататгал, хяналт шинжилгээ болон түншлэл зэргийг хамруулсан төлөвлөгөөний хэрэгжилт;
  • залуу судлаачдыг оролцуулсан нотолгоонд суурилсан үндэсний бодлого, олон улсын стандарт зэрэг юм.
  1. Шилжилтийн насан дахь боломж чадавхыг сайжруулах. ЮНЕСКО нь залуу судлаач, багш болон дадлагажигч, залуучуудын байгууллага нь гишүүн улсуудтай хамтран ажилладаг. Залуучуудын чадавхыг дээшлүүлэх судалгаа болон шинэлэг технологиудаар дамжуулан ЮНЕСКО нь гишүүн орнуудад залуу болон насанд хүрэгчдэд зориулсан үр дүнтэй бичиг үсгийн болон боловсролын хөтөлбөрүүдийг дэмжиж ажилладаг. ЮНЕСКО-оос мэдлэг боловсролд суурилсан нийгэмд залуучуудыг татан оролцуулах, мөн оролцох эрхийг олгосноор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний үндсэн зарчмуудыг ойлгох боломжуудыг олгоход чиглэж байгаа юм.

Мөн энх тайван, хүний эрх, дэлхийн иргэний боловсролын тогтолцоо, үндэсний сургалтын хөтөлбөр, багшийн боловсрол, сурах бичиг, суралцах орчинг нэмэгдүүлэх замаар гишүүн орнуудыг дэмжин ажилладаг. Иргэний нийгмийн боловсролын сургалт нь залуучуудын хөгжил, ардчилсан шилжилтэд оролцох оролцоог бэхжүүлэх явдал юм.

  1. Иргэний оролцоо, ардчилсан оролцоо болон нийгмийн шинэчлэл. ЮНЕСКО олон улсын судлаачидтай болон залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдгийн хувьд залуу иргэдийн оролцоог хамгаалж, дэмжин ажилладаг. ЮНЕСКО нь залуучуудын оролцоог дэмжсэн дараах гурван төрөл хөтөлбөрт анхаарлаа хандуулж байна. Үүнд:
  • Шийдвэр гаргалт болон ардчилсан нэгдэлд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх,
  • Залуучуудын манлайлал, ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргаанд зориулсан шинэчлэл болон бизнес эрхлэлтийг дэмжих,
  • Энх тайвныг бүрэлдүүлэн тогтооход оролцох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ойлголтуудыг дэмжин хөгжүүлэхэд залуучуудын оролцоог сайжруулах зэрэг болно.

 

Монгол улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Залуучуудын бодлогод тэдний оролцоо” сэдэвт сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллага, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж, залуучуудын оролцооны нөхцөл байдлын талаар судалгаа гаргасан. Түүнчлэн 2017 онд Тогтвортой хөгжлийн боловсролын 13 дугаар зорилтын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний чуулганыг зохион байгуулсан юм.

2015 онд ЮНЕСКО-ийн 70 жилийн ойг тохиолдуулан “Модель ЮНЕСКО Монгол” залуучуудын загвар хуралдааныг “Тогтвортой хөгжил дэх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоо” сэдвийн хүрээнд НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. “Модель ЮНЕСКО Монгол” залуучуудын загвар хуралдаан нь Тогтвортой хөгжлийн боловсрол 2030 хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг өөр, өөр улсын байр сууринаас авч хэлэлцэх зорилгоор 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдсаар ирсэн. 2016 онд “Хүчирхийллийн туйлширсан хэлбэрүүдтэй тэмцэх урт ба богино хугацааны арга замууд” сэдвээр, 2017 онд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй дэлхий ертөнцөд соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр гурван салбар хуралдаантайгаар, 2018 онд “Дэлхийн иргэний боловсрол”, “Хөгжлийн төлөөх соёл, бүтээлч байдал”, “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь” сэдвээр гурван салбар хуралдаантайгаар, 2019 онд “Ирэх жилүүдэд ЮНЕСКО-ийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд юуг анхаарвал зохистой вэ?” үндсэн сэдвийн хүрээнд гурван салбар хуралдаантайгаар тус тус зохион байгуулсан.

 

ЮНЕСКО-ийн Залуучуудын форум

ЮНЕСКО-ийн Залуучуудын форум нь хоёр жил тутамд хуралдаж ЮНЕСКО-ийн хамардаг салбаруудын хүрээнд өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ, соргог арга замыг олж залуучуудын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэхийг зорьдог билээ. Уг форум нь 2019 онд “Youth Spaces in Action” сэдвийн дор хуралдсан ба ЮНЕСКО-ийн гишүүн улсуудын 60 залуу удирдагчид оролцож ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагуудаа хуваалцсан.

2019 оны Залуучуудын форумаар ЮНЕСКО ба залуучуудын хамтын ажиллагааг стратегийн ба хөтөлбөрийн түвшинд нэмэгдүүлэх, үндэсний, бүс нутгийн ба дэлхийн түвшний шийдвэр гаргах үйл явц дахь залуучуудын нөлөөллийг нэмэгдүүлэх, оролцогч талуудыг холбосон хамтын ажиллагааны сүлжээ бий болгохыг зорьсон бөгөөд оролцогчид форумын төгсгөлд ЮНЕСКО-ийн “Дэлхийн залуучуудын практик нийгэмлэг (YCoP)”-ийн дүрэм, үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаарх баримт бичгийг боловсруулсан. Тус практик нийгэмлэгийг байгуулах ажлын хэсэгт Монгол улсын залуучуудын төлөөлөл гишүүнээр ажиллаж байна.