Дээд боловсрол

ЮНЕСКО нь дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй НҮБ-ын цорын ганц байгууллага юм. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын 4.3 “2030 он гэхэд бүх оюутнууд боломжийн төлбөр бүхий чанартай дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдсан байна” гэсэн зорилтын хүрээнд гишүүн орнуудад дээд боловсролын стратеги, бодлогод дүн шинжилгээ хийх, чанартай дээд боловсролд тэгш хамруулах зэргээр бодлогын түвшинд туслалцаа үзүүлж байна.

ЮНЕСКО нь 1965 онд Монгол улсын их сургуулийн дэргэд Политехникийн дээд сургууль байгуулахаар 1,5 сая ам.долларын өртөгтэй төслийг анх хэрэгжүүлжээ. Тус дээд сургууль 1968 онд 6 тэнхим 1000 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж Монголын үндэсний инженерүүдийг бэлтгэж эхэлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд багш, мэргэжилтнүүдийг гадаадад суралцаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхийн хамт багшлах боловсон хүчнээр хангахад тусалсан билээ. Өнөөдөр Политехникийн дээд сургууль Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон өргөжин тэлж, үйл ажиллагаагаа явуулж байна.

ЮНЕСКО, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Улсын багшийн дээд сургуулийн материаллаг бааз, сургалтын чанарыг дээшлүүлэх төслийн хүрээнд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг нийлүүлж, кабинет, лабораторийг шинэчилсэн байна. Мөн Оролцооны хөтөлбөрийн хүрээнд Хархорум дээд сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд ЮНЕСКО-оос тусламж үзүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын дээд боловсролыг олон улсын стандартад нийцүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх, дээд боловсролын дипломыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, оюутан, багш, эрдэмтдийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх чиглэлээр ЮНЕСКО, Монгол улсын Засгийн газартай хамтран тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна.

ЮНЕСКО-оос техникийн туслалцаа үзүүлсний үндсэн дээр Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэх шийдвэр гаргасныг ЮНЕСКО батламжилсан. Ийнхүү тус конвенц нь Монгол улсад 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.

Тус конвенцод нэгдэснээр Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд Монгол улсын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх нь тухайн улсад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах, ажил хөдөлмөр эрхлэх, шилжилт хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлэх юм. Конвенцод нэгдэн орох нь үндэсний чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгааны тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилтнуудын шилжилт, хөдөлгөөнийг хөнгөвчилж, Монгол улсын дээд боловсрол эзэмшсэн оюутнуудыг гадаадад үргэлжлүүлэн сургах, дээд боловсрол эзэмшүүлэх чадварыг эзэмшүүлэхэд тус дөхөм болж, Монгол улс дээд боловсролоор дамжуулан улс орнууд, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх ЮНЕСКО-ийн хүчин чармайлтыг дэмжиж буйг нотлон харуулах ач холбогдолтой. Конвенцэд нэгдэн орсноор дээд боловсролын салбарын мэдлэг, мэдээллийг нэгтгэн ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний мэдээллийн төвийг байгуулах шаардлагатай бөгөөд ЮНЕСКО-ийн тусламжтайгаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн харьяа Үндэсний мэдээллийн төвийг байгуулах ажлыг 2019 оноос эхлүүлээд байна.

ЮНЕСКО нь “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” дэлхийн конвенцийг 2019 онд батлан гаргасан бөгөөд энэхүү конвенцод нэгдэхийг  гишүүн орнууддаа уриалаад байгаа юм.