Соёлын илэрхийллийн олон төрөл

2001 онд ЮНЕСКО Соёлын олон төрөл зүйлийн тухай түгээмэл тунхаглалыг баталсан билээ. Уг тунхаглалд соёлын олон төрөл зүйл бол хүн бүрийн сонголт хийх боломжийг улам бүр нэмэгдүүлж байдаг бөгөөд эдийн засгийн өсөлтийн хүрээнд төдийгүй оюун ухаан, сэтгэл, ёс суртахуун, сүсэг бишрэлийн хувьд аливаа хүн сэтгэл хангалуун сайн сайхан амьдрахад туслах арга зам болох хөгжлийн нэгэн эх сурвалж гэдгийг бататгасан байдаг.

2005 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 33 дугаар чуулганаар Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн конвенцыг баталж, Монгол улс 2007 онд нэгдэн орсон. 2020 оны байдлаар тус конвенцод 148 оролцогч тал буюу 148 улс, нэг бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Европын холбоо) нэгдэн орсон байна.

Байгалийн олон төрөл зүйл экосистемийг тогтворжуулaхад чухал ач холбогдолтой байдгийн адилаар соёлын олон төрөл зүйл нь нийгмийн амьдралын эх булаг болж байдаг. Соёлын олон төрөл зүйл нь бид бүгдийг өсч дэвжин хамтдаа хөгжих боломжийг олгож, бидний амьдралыг шинэ санаагаар болон тоо томшгүй олон арга замаар баяжуулж байдаг билээ.

Олон улсын эрх зүйн нэгдсэн баримт бичиг болохын хувьд тус конвенц нь соёлын илэрхийллийн олон талт байдлыг хамгаалж, хөгжүүлэхэд чиглэсэн соёлын бодлого, арга хэмжээг баталж, хэрэгжүүлэх болон үзэл бодол, уран бүтээлийн чөлөөт урсгалыг дэмжих талаарх Засгийн газруудын эрх хэмжээг бататгасан. Конвенцод соёлын олон талт илэрхийллийг хадгалах, дэмжихэд чиглэсэн соёлын бодлого, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх удирдамж болохуйц найман гол зарчмыг тусгасан. Үүнд, харьяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд соёлын бодлого, арга хэмжээг батлах улс орнуудын бие даасан эрх хэмжээ, олон улсын эв нэгдэл ба хамтын ажиллагаа, эдийн засаг, соёлын асуудлууд, тогтвортой хөгжил, дэлхийн соёлын илэрхийллийн тэгш хүртээмжтэй байдал зэргийг хамруулдаг.

         Конвенцын гол зорилт нь соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжихэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээ нь хоёрдмол буюу эдийн засаг мөн соёлын үнэ цэнийг давхар агуулж байдгийг хүлээн зөвшөөрөх, соёлын өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаа, үүнд өөрсдийн хувийн бүтээл зэргийг жүжигчид, соёлын салбарын мэргэжилтэн, ажилтан болон нийт иргэд туурвих, үйлдвэрлэх, түгээх, сурталчлах, соёлын салбарт эрчимтэй хөгжлийн чиглэл, талбаруудыг (соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талбарт: ном, урлаг, хөгжим, кино, уран бүтээл, орчин үеийн урлаг болон бүтээлч үйлийн өөр бусад хэлбэр) үүсч бий болоход нь дэмжлэг үзүүлэх явдлыг идэвхжүүлэн оролцуулах ба хөгжиж буй орнуудын соёлын салбарын засаглалыг бэхжүүлэхэд оршино.

Конвенцын хэрэгжилтийг дэмжих чухал хэрэгсэл бол Соёлын төрөл зүйлийг дэмжих олон улсын сан юм. Конвенцын 18 дугаар зүйлд уг санг сайн дурын үндсэн дээр байгуулахыг заасан байдаг. Тус конвенцод элссэн хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах арга хэмжээг хөхиүлэн дэмжих зорилго бүхий сан бөгөөд соёлын салбарыг дэмжих төслүүдээр дамжуулан зорилгоо хэрэгжүүлдэг бөгөөд гол төлөв соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, дэмжих бодлого, стратегийг боловсруулах, мөн соёлын аж үйлдвэрийн байгууллагын дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Соёлын төрөл зүйлийг дэмжих олон улсын сан нь 2010 оноос хойш хөгжиж буй 59 оронд (2020 оны байдлаар) нийт 8.3 сая долларын өртөг бүхий 114 төсөл хэрэгжүүлээд байна. Энэхүү төслүүд нь соёлын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, соёлын салбарын ажил олгогчдын чадавхийг бэхжүүлэх, соёлын аж үйлдвэрийн бизнесийн салбарын шинэ загварыг бий болгох зэрэгт чиглэгдсэн байна.

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн конвенцын Засгийн газар хоорондын хорооны 13 дугаар ээлжит чуулган 2020 оны 2 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо хуралдаж Монгол улс анх удаа тус конвенцын Засгийн газар хоорондын хорооны гишүүн (2019-2023)-ээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хорооны бодлогын шийдвэрт нөлөөлж Монгол улс дахь тус конвенцын хэрэгжилтийг сайжруулах, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулах, уран бүтээлчдийн эрх зүйн орчныг сайжруулах, конвенцын ашиг тусыг илүүтэй хүртэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлаас дурдвал:

  1. Тус конвенцын гишүүн орны хувьд 2012 онд анх удаагаа Соёлын төрөл зүйлийг дэмжих олон улсын сангаас “Монголын соёлын статистикийн хүрээ: үндэсний бүртгэлийн чадавхыг бүрдүүлэх₮ төслийг хэрэгжүүлэхээр79,000 ам.долларын санхүүжилт авсан. Уг төслийг СУИС боловсруулж 2013-2016 онд хэрэгжүүлсэн нь соёлын салбарын статистикийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардлагатай олон талт мэдээллийг олон улсын стандарт, кодын системд нийцүүлэн авах, мэдээллийн сан бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ач холбогдолтой болов.
  2. ЮНЕСКО болон БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжлөөр дамжуулан соёлын илэрхийллийн олон янз байдлыг дэмжин тэтгэх – Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Монгол Улс дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглалыг гаргахад чиглэсэн Үндэсний зөвлөлдөх уулзалт, семинарыг Улаанбаатар хотноо 2016 оны 5 дугаар сард зохион байгуулсан.
  3. ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол улсад бүтээлч үйлдвэрлэлийн онлайн сүлжээг бий болгох” төслийг 2016-2017 онуудад хэрэгжүүлэв.
  4. Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” төслийг 2018-2020 онуудад хэрэгжүүлэн ажиллаж байна.