Олон улсын суурь шинжлэх ухааны хөтөлбөр

Олон улсын суурь шинжлэх ухааны хөтөлбөр (ОУСШУХ) нь ЮНЕСКO-ийн гишүүн орнуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан олон улсын салбар хоорондын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь засгийн газар хоорондын болон шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэсний суурь шинжлэх ухаан ба шинжлэх ухааны боловсролын чадавхыг сайжруулах явдал юм. Тус хөтөлбөр нь суурь шинжлэх ухааны салбарт манлайлж буй үндэсний, бүсийн болон олон улсын төвүүдийн сүлжээг оролцуулан бүс нутгийн онцлогт тохирсон үйл ажиллагааг явуулахад гол анхаарлаа хандуулдаг. Хойд-Өмнөдийн болон Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих нь энэхүү Олон улсын суурь шинжлэх ухааны хөтөлбөрийн стратегийн гол үндэс бөгөөд уг ажлыг Дэлхийн шинжлэх ухааны академи, Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн шинжлэх ухааны холбоод, Европын цөмийн судалгааны байгууллага, бусад шинжлэх ухааны төвүүд, олон улсын засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагууд хамтран гүйцэтгэж байна.

ОУСШУХ нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш 40 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Эдгээр төсөл нь сонгосон газруудад физик ба биологийн шинжлэх ухааны салбарын чадавхыг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан. Мөн ерөнхий боловсролын сургууль болон дээд боловсролын хүрээлэнгүүдийн түвшинд суурь шинжлэх ухааны мэргэжлийн сургалтад микро шинжлэх ухааны багцуудыг ашиглах замаар шинжлэх ухааны боловсролын салбарын  туршилтын ажлыг дэмжин хөгжүүлдэг.