Сургуулийн өмнөх боловсрол

ЮНЕСКО нь хүүхэд бүрийн амьдралд зөв эхлэлийг олгох зорилгоор бүс нутаг, олон улс болон үндэсний хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролыг тэгш хүртээмжтэй олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Боловсролын системийн суурь, салшгүй нэгэн хэсэг бол Сургуулийн өмнөх боловсрол юм. Чанартай боловсрол эзэмшээгүй хүүхдүүдийн хувьд өөрийн карьерийг цааш үргэлжлүүлэх суурь хангалттай тавигдаагүйн улмаас сурлагын амжилт гаргахгүй байх, сургууль завсардах, улиран суралцах зэрэг эрсдэлтэй тулгарч болзошгүй байдаг.

ЮНЕСКО нь гишүүн орнууддаа “Боловсрол 2030” болон Тогтвортой хөгжлийн 4.2-р зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр СӨБ-ын салбарт мэдлэгийг бий болгон хуваалцах, чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр бодлого, стратегид нөлөөлөх түвшинд хамтран ажилладаг. Үүнд багшийн хөгжил, хүүхэд асран хүмүүжүүлэх арга барил, гэр бүлийн боловсрол зэрэг мөн багтдаг.

ЮНЕСКО нь Бага насны хүүхдийг асран хамгаалах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор төрсөн цагаас нь эхлэн бага сургуульд элсэх хүртэл хугацаанд улс орнуудын засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлдэг. Гэвч энэхүү насны хүрээлэл нь улс орны хөгжлийн янз бүрийн үе шатуудыг хамардаг тул тус бүлгийн бүх хүүхдэд нэгэн зэрэг, эрх тэгш хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг.

Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн СӨБ-той холбогдох үйл ажиллагаа нь 3-аас дээш насны бүх хүүхдэд цогц, чанартай боловсролыг олгоход сурган хүмүүжүүлэх зохистой арга барилыг ашиглах, бага дунд боловсролын системтэй харилцан уялдуулах, мөн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, нийгэмших эрэлт хэрэгцээг чухалчилж байгаа билээ.

Ялгаатай насны бүлгүүдийн хэрэгцээ, шаардлагыг хэрхэн хангах талаар боловсролын салбарын үе шаттай стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллах нь СӨБ-ыг олгоход улс орнуудын Засгийн газарт дэмжлэг үзүүлдэг. Үүнд насны ангиллаас гадна нэн тэргүүнд анхаарал халамж тавих шаардлагатай нийгмийн бүлэг, давхаргыг чухалчилж үзэх нь зүйтэй юм.

Түүнчлэн, эрүүл мэнд, хүнс тэжээл, нийгмийн салбар, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилласнаар сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан халамжийн хүртээмжийг өргөжүүлж, чанарыг нэмэгдүүлэх боломжтой.

СӨБ-ын бүрэлдэхүүнийг боловсролын салбарын төлөвлөгөөнд нэгтгэснээр суралцахуйн тасралтгүй, бат бөх суурийг бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой юм . Насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролыг дэмжих замаар гэр бүлийн бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэн эцэг эхчүүдэд бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх арга барил, мэдлэгийг олгох зэргээр СӨБ-ыг олгох зардал багатай, үр дүнтэй шийдлийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ЮНЕСКО-оос үздэг.