Ерөнхий боловсрол

ЮНЕСКО-ийн нэг чухал үйл ажиллагааны чиглэл нь гишүүн орнуудын ерөнхий боловсрол, ялангуяа охидын боловсролыг дэмжих явдал юм. Ерөнхий боловсролын сургуулиудад олон төрлийн мэргэжил сонголтууд болох шинжлэх ухаан, технологи, инженер, математик зэрэг мэргэжлээр мэдлэг олгох нь орон нутгийн, үндэсний болон олон улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг.

ЮНЕСКО-ийн Ерөнхий боловсролын үндсэн зорилгыг “ЮНЕСКО-ийн зүгээс онолын мэдлэг, практикт суурилсан ур чадварууд болон иргэний хариуцлагыг чухалчилсан бүрэн дунд боловсролын тогтолцоог хөгжүүлэх явдлыг дэмждэг ба энэ нь сурагчдад тасралтгүй үргэлжлэх боловсролыг олж эзэмших болон ажлын талбарт үр дүнтэй бэлтгэгдэх боломжийг олгоно” хэмээн тодорхойлсон байдаг.

Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш нарын мэдлэг, чадвар, мэргэшил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, бие даан ажиллах чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх нь чанартай боловсролыг дэмжихэд нэн даруй шийдвэрлэх тэргүүн зорилт билээ.

ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо, БНСУ-ын Итгэлцлийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөлд Монгол улс хамрагдаж, уг төсөл нь 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжиж байна. Төслийн эхний шатанд ЕБС-ийн багшийн Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн цогц чадамжийн стандартын төслийг боловсруулж гаргасан бөгөөд БСШУСЯ-аас уг стандартыг нийтлэг шаардлага нэрээр 2020 оны 2 дугаар сард баталгаажуулсан. Төслийн дараагийн шатанд “Багшийн МХХТ-ийн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулахаар  ажиллаж байна.