Холбоот сургуулиудын сүлжээ

“ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ” төсөл (UNESCO Associated Schools Project) нь 1953 онд эхэлсэн бөгөөд эдүгээ 182 улсын 11,500 гаруй Холбоот сургууль энэхүү сүлжээнд нэгдэж олон улсын харилцан ойлголцол, энх тайван, соёл хоорондын яриа хэлэлцээр, тогтвортой хөгжил болон чанартай боловсролыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү сүлжээ нь ЮНЕСКО-ийн үнэт зүйлс, үндсэн зорилтуудыг сургуулиудын зохион байгуулалт, хичээл, төсөл хөтөлбөрт тусгах замаар “хүүхэд, залуучуудын оюун ухаанд энх тайвны сэдлийг суулгах”-ыг зорьдог билээ.

Холбоот сургуулиудын сүлжээ нь шинэ санаачилгыг дэмжиж чанартай боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг ба Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт – Боловсрол 2030 хөтөлбөр, ялангуяа дэлхийн иргэний боловсрол (ДИБ) болон тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) олгох 4.7 дахь зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн, боловсролын 4 багана болох “мэдлэг олж авч сурах,” “аливаа зүйлийг хийж сурах,” “хүний ёсоор оршиж сурах,” “бусадтай хамтран амьдарч сурах” чадварыг эзэмшүүлэхийг мөн чухалчилдаг.

Монгол улс уг сүлжээнд 1983 онд нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш 24-р сургууль, 31-р сургууль, 45-р сургууль, 6-р сургууль, Монгени цогцолбор, Нийслэлийн ирээдүй цогцолбор  2-р сургууль, Нийслэлийн 2 дугаар сургууль, Улаанбаатар эрдэм оюу их сургууль, Өвөрхангай аймгийн Хужиртын 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р арван жил, Өвөрхангай аймгийн Хархорины 2-р сургууль, Дорнодын Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, Увс аймгийн Улаангом хотын 1-р сургууль гэсэн 13 гишүүн сургуулийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоот сургуулиудын сүлжээний зорилго

  1. Багшлах, суралцах үйл явцад ДИБ, ТХБ-ыг тусгах,
  2. Холбоот сургуулиудаар дамжуулан ДИБ, ТХБ олгох шинэлэг арга замыг олох,
  3. Холбоот сургуулиуд хоорондын сайн туршлага, мэдээллийн солилцоог бэхжүүлэх.

Холбоот сургуулиудын сүлжээний бүтэц

Холбоот сургуулиудын сүлжээ нь ерөнхий гурван оролцогч талаас бүрддэг. Үүнд:

  1. ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн олон улсын зохицуулагч,
  2. Гишүүн улс дахь үндэсний зохицуулагч,
  3. ЮНЕСКО-ийн гэрчилгээ бүхий гишүүн сургууль.

Талууд Холбоот сургуулиудын цахим хуудсыг ашиглан хамтран ажиллаж, мэдээ, мэдээлэл солилцох боломжтой.

Үйл ажиллагааны хүрээ 

Холбоот сургуулиуд дэлхий нийтийн болон үндэсний зорилтуудын хэрэгжилтийг хангах үүднээс үйл ажиллагаагаа явуулдаг. Сургуулиуд Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго, Боловсрол 2030 хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн сонгосон дараах сэдвүүдэд төвлөрөн үйл ажиллагаа явуулах боломжтой. Үүнд:

  1. Дэлхийн иргэн байх, хүч хэрэглэхээс зайлсхийх соёлыг хөхиүлэн дэмжих,
  2. Тогтвортой хөгжил, амьдралын тогтвортой хэв маягийг дэмжих,
  3. Соёлын олон төрөл зүйл, өв уламжлалыг хүлээн зөвшөөрөх.

ЮНЕСКО нь Холбоот сургуулиудыг олон улсын багш, сурагчдын хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, шинэ сургалтын материал боловсруулах, шинэлэг заах арга зүйг нэвтрүүлсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалдаг ба сургууль бүр эдгээр үйл ажиллагааг өөрсдийн сонирхол, боломж бололцоо, нийгмийн ба соёлын орчиндоо тохируулан хэрэгжүүлдэг.

Холбоот сургууль болсноор ямар давуу талтай вэ?

Сүлжээгээр дамжуулан бусад улсуудтай харилцаа холбоо тогтоож, тэдний соёл, уламжлалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой байдаг ба энэ нь багш, сурагчдын   “асуудлын биш шийдлийн нэг хэсэг” болох эерэг хандлагыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн,

  • Шударга, энх тайван ертөнцийг бий болгох нийтлэг үнэт зүйлс, алсын хараа, хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ боловсролоор дамжуулан бодитой болгох эрмэлзэлтэй хүмүүстэй холбоо тогтоох,
  • Багш, сурагчид хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний, бүс нутгийн ба олон улсын арга хэмжээнүүдэд оролцон үзэл бодол, санал сэтгэгдэл, туршлагаа хуваалцах,
  • Сурагчдад орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд өнөөгийн харилцан хамааралтай, даяаршиж буй дэлхий дахины анхаарал татсан асуудлуудын цар хүрээг ойлгоход туслах,
  • Сонин сэтгүүл, цахим хуудас, олон нийтийн сүлжээг ашиглан өөрсдийн амжилт бүтээл, шинэ санаачилгаа бусадтай хуваалцах, бусдаас суралцах,
  • Үйл ажиллагааны сэдвүүдийн хүрээнд  арга хэмжээ зохион байгуулах,
  • ЮНЕСКО, НҮБ-ын олон улсын тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх, холбогдох кампанит ажлуудад оролцох,
  • ЮНЕСКО болон түншлэгч байгууллагуудын боловсруулсан заах арга зүйн материалуудыг туршиж үзэх, өөрсдийн материалыг боловсруулах зэрэг давуу талтай.

Холбоот сургуулиудын үүрэг

Холбоот сургуулиуд нь ЮНЕСКО-ийн үнэт зүйлс, үйл ажиллагааг сурталчилж, олон  улсын чиг хандлага, үзэл баримтлалыг улсын нөхцөл байдалд тохируулан сургуулийн хэмжээнд нэвтрүүлэх  гол үүргийг гүйцэтгэдэг.

Түүнчлэн, Холбоот сургууль нь бусдаас харилцан суралцаж, Холбоот сургуулиудын нөлөөллийг тэлэх зорилгоор үндэсний зохицуулагч, хамт олон, дотоодын ба гадаадын сургуулиудад мэдээлэл өгөх, туршлага хуваалцах үүрэг хүлээдэг.

Гишүүнчлэл

Холбоот сургуулийн гишүүнчлэл нь сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн боловсрол олгодог улсын ба хувийн цэцэрлэг, сургууль, багш бэлтгэх, техникийн ба мэргэжлийн боловсролын сургалт явуулдаг албан ба албан бус боловсролын бүх байгууллагуудад нээлттэй.

Гишүүн сургууль нь Холбоот сургуулиудын сүлжээнд 3-5 жилийн хугацаатайгаар элсдэг бөгөөд холбогдох шаардлагуудыг хангасан тохиолдолд гишүүнчлэлээ сунгах боломжтой.

Холбоот сургуулиудын сүлжээнд нэгдэхийг хүсэж буй сургуульд тавигдах шаардлага

  • Сайн дурын үндсэн дээр Холбоот сургуулиудын сүлжээнд элсэж ЮНЕСКО-ийн зорилго зорилт, үнэт зүйлсийг хөхиүлэн дэмжих хүсэл эрмэлзэлтэй байх,
  • Шинэлэг, олныг хамруулсан арга зүйтэй байх,
  • Холбоот сургуулиудын үйл ажиллагаанд материаллаг болон хүний нөөцөө бүрэн дайчлах чадвартай байх,
  • Сургалтын аюулгүй, олныг хамарсан, таатай орчныг бүрдүүлсэн байх,
  • Дотоодын болон гадаадын бусад сургуулиудтай харилцаж хамтран ажилладаг байх.

Холбоот сургуулиудын сүлжээний гишүүн сургуулиудад тавигдах шаардлага

  • Гишүүн сургууль нь жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүн бүхий дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөөгөө Үндэсний зохицуулагчид хүргүүлэх,
  • Гишүүүн сургууль нь дэлгэрэнгүй ажлын тайланг холбогдох баримт, зургийн хамт Үндэсний зохицуулагчид жил бүр хүргүүлэх,
  • Гишүүн сургууль нь хичээлийн жилд ЮНЕСКО-оос санаачилсан олон улсын эсвэл бүс нутгийн нэгээс доошгүй төсөл, хөтөлбөр, тэмцээн уралдаан, аянд нэгдэж оролцох,
  • Гишүүн сургууль нь хичээлийн жилд Үндэсний зохицуулагчийн санаачилсан нэгээс доошгүй үндэсний төсөл, хөтөлбөр, тэмцээн уралдаан, аянд нэгдэж оролцох,
  • Гишүүн сургууль нь хичээлийн жилд ЮНЕСКО-ийн тэмдэглэлт өдрүүдийг хоёроос доошгүй удаа тэмдэглэж, сургуулийн нийт хамт олныг оролцуулсан үйл ажиллагаа зохион байгуулах,
  • Гишүүн сургууль нь Үндэсний зохицуулагчийн заавар зөвлөгөөний дагуу ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын гишүүнчлэлийг илтгэсэн хаяг, самбар, туг зэргийг ил байрлуулах,
  • Гишүүн сургууль нь сургуулийнхаа цахим хуудас, олон нийтийн сүлжээ, зурагт хуудас, эцэг эхийн уулзалт болон бусад арга замаар дамжуулан ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээний тухай болон тус сүлжээний гишүүн сургуулийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар сургуулийн нийт хамт олныг (багш нар, ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүд) мэдээллээр тогтмол хангах,
  • Гишүүн сургууль нь Холбоот сургуулиудын сүлжээний цахим хуудас буюу OTA-д тогтмол мэдээлэл оруулж, холбогдох мэдээллээ шинэчилж байх.

ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээнд хэрхэн нэгдэх вэ?

  1. ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ, Холбоот сургуулиудын үйл ажиллагааны талаар сайтар судлах,
  2. ЮНЕСКО-ийн Холбоот сургууль болох хүсэлтийн маягтыг https://aspnet.unesco.org/ хаягаар нэвтэрч цахимаар бөглөх,
  3. Цахимаар бөглөсөн маягтыг Үндэсний зохицуулагч хянаж, шалгуурт тэнцэж буй эсэхийг судлан, тэнцсэн тохиолдолд тухайн сургуульд Гишүүнчлэлийн маягт бөглөх хүсэлтийг цахимаар илгээнэ. Холбоот сургууль болох хүсэлт шаардлага хангаагүй тохиолдолд буцаана.
  4. Гишүүнчлэлийн маягтыг цахимаар бөглөнө.
  5. Цахимаар бөглөсөн маягтыг Үндэсний зохицуулагч хянаж, үнэлгээ өгнө. Тухайн сургууль шаардлага хангасан тохиолдолд Үндэсний зохицуулагч гишүүнчлэл олгох саналыг Олон улсын зохицуулагчид хүргүүлнэ.
  6. Олон улсын зохицуулагч саналыг хүлээн авч тухайн сургуулийн материалыг хянаж үзээд гишүүнчлэл олгох эсэх шийдвэрийг гаргана.
  7. Зөвшөөрсөн тохиолдолд тухайн сургуульд Холбоот сургуулийн гишүүнчлэлийг илтгэсэн батламж олгоно.