Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхим

           ЮНЕСКО нь их, дээд сургуулиудын хооронд мэдлэг солилцох олон улсын сүлжээг бий болгох зорилгоор 1992 оноос эхлэн их, дээд сургуулийн хамтын ажиллагааны сүлжээ буюу ЮНИТВИН хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийнхөө хүрээнд ЮНЕСКО-ийн тэнхимүүдийг байгуулан ажиллах боломжийг гишүүн орнууддаа олгодог. ЮНЕСКО нь тэнхимүүдээрээ дамжуулан ЮНЕСКО-ийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд нэмэгдүүлж, тэдэнтэй хамтран ажиллах зорилготой юм. 2020 оны 10-р сарын байдлаар дэлхийн 114 оронд нийт 811 ЮНЕСКО-ийн тэнхим байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

          Монгол улс анх удаа 2007 онд Газрын доорх усны тогтвортой менежментийн ЮНЕСКО-ийн тэнхимийг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн дээр байгуулсан. Харин 2020 оны 5-р сард тус хүрээлэн дээр дахин нэг ЮНЕСКОийн тэнхим байгуулагдан Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

           Энэхүү Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКОийн тэнхим нь ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр, Олон улсын ус зүйн хөтөлбөр, Дэлхийн геопаркууд хөтөлбөр, Дэлхийн өвийн конвенц гэх мэт ЮНЕСКО-ийн байгаль орчны салбарын конвенц, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд холбогдох үндэсний, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, ТХЗ-ууд болон бусад олон улсын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах юм.

           Тус тэнхимийн эрхлэгчээр ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн доктор Михайл Вальтер ажиллахаар томилогдсон бөгөөд Төв Ази, тэр дундаа Монгол улсад уур амьсгалын судалгаа, хөрс, ус, агаар, геоморфологийн чиглэлээр 20 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийсэн туршлагатай. Тэрээр өнгөрсөн хугацаанд Монгол улсын ШУА болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хүрээлэн буй орчны судалгааны чиглэлээр хэд хэдэн төслийг амжилттай удирдаж хэрэгжүүлсэн. Одоо Алматы хот дахь Герман-Казахстаны их сургуульд “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийн чиглэлээр багшилдаг болно.