Допингийн эсрэг үйл ажиллагаа ба спорт

Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцод Монгол улс нэгдэн орсон нь

ЮНЕСКО спорт дахь допингийн эсрэг тэмцэлд олон улсын Засгийн газруудтай хамтран онцгой анхаарал хандуулж ажилладаг бөгөөд 2003 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан олон улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хурлаас Спорт дахь допингийн эсрэг Копенхагены тунхаглал, 2005 онд ЮНЕСКО-ийн 33 дугаар Ерөнхий бага хурлаар Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц тус тус батлагдсан. Уг конвенц нь ЮНЕСКО-ийн конвенцуудаас дэлхийд хамгийн олон улс соёрхон баталсан хоёр дахь конвенц юм.

Монгол улс Копенхагены тунхаглалд 2005 онд, “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д 2007 онд тус тус нэгдэн орсон ба ингэснээр допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн билээ.

Засгийн газрууд конвенцын хүрээнд дотоодын нөхцөл байдалдаа тохируулан хууль тогтоомж, дүрэм журам боловсруулж, бодлогын болон захиргааны уян хатан зохицуулалтуудыг хийх боломжтой хэдий ч конвенцод гарын үсэг зурж, нэгдэн орсон улсууд дараах арга хэмжээг зайлшгүй авах үүрэгтэй байдаг. Үүнд:

  • Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөөгүй хориотой бодис болон хориотой аргыг хэрэглэх, хориотой бодис тээвэрлэхийг хориглох,
  • Үндэсний хэмжээнд допингийн хяналт, шалгалт хийхийг дэмжих,
  • Дэлхийн допингийн эсрэг дүрмийг зөрчсөн байгууллага, тамирчин, туслах ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх,
  • Хориотой бодис агуулсан байж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв шошголох, сурталчлах, түгээх сайн туршлагыг нэвтрүүлэхийг хоол, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, түгээгчдэд уриалах,
  • Спортын салбарын хамт олон, тамирчдын допингийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг

Олон улсын олимпийн хороо 1999 оны 2 дугаар сард Спорт дахь допингийн эсрэг дэлхийн анхдугаар их хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд энэ хурлаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг байгуулах шийдвэрийг гаргаж мөн оныхоо 11 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагджээ. Энэхүү агентлаг байгуулагдсан цагаасаа хойш спорт дахь допингийн эсрэг тэмцлийн үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр бие даан гүйцэтгэж ирсэн бөгөөд допингийн эсрэг дүрэм, олон улсын стандарт, шилдэг туршлага ба гарын авлагуудыг боловсруулан гаргадаг.

2006 онд Дэлхийн допингийн эсрэг агентлаг, ЮНЕСКО хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд өнөөдрийг хүртэл допингийн эсрэг үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн гишүүн орнууд үр дүнтэй зохион байгуулсаар байна.

2003 онд Спорт дахь допингийн эсрэг олон улсын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан “Дэлхийн допингийн эсрэг дүрэм” нь спортын ертөнцөд допингийн эсрэг үйл ажиллагаанд дагаж мөрдөх үндсэн бичиг баримт болон хэрэгжиж байна. Энэхүү дүрэм нь 2007 онд Мадрид хотноо хуралдсан дэлхийн допингийн эсрэг III хурлаар шинэчлэгдэж батлагдсан бол 2013 оны 11-р сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотноо хуралдсан IV их хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2015 оноос хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн эсрэг сан

ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн эсрэг сан нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын 17 дугаар зүйлд заасны дагуу Оролцогч улсуудад конвенцын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулж, допингийн эсрэг үйл ажиллагаа явуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор байгуулагдсан юм.

Энэхүү сан нь 2008 оноос хойш 108 Оролцогч улсын үндэсний болон бүс нутгийн хэмжээний 4.2 сая ам.долларын төсөвтэй 218 төслийг санхүүжүүлсэн байна. Монгол улс ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн эсрэг сангаас санхүүжилт авч 2015 онд “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд”, 2016 онд “Допингийн эсрэг боловсрол олгох аян”, 2018 онд “Допингийн эсрэг үндэсний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг тус тус хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр төслүүдийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:

  • Допингийн эсрэг хөдөлгөөний зайн сургалтын материал буюу цахим хуудас бүтээх,
  • Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний стандартуудыг монгол хэлнээ хөрвүүлэх,
  • Сэтгүүлчид, шийдвэр гаргагч нарт допингийн эсрэг мэдээлэл, мэдлэг олгох сургалт зохион байгуулах,
  • Тэмцээний үеийн шууд сурталчилгааны хөтөлбөрийн монгол загвар зохион байгуулах,
  • Танхимын сургалтын хэлбэрээр тамирчдын мэдлэгийг дээшлүүлэх, шинэ мэдээлэл өгөх,
  • “Хориглосон жагсаалт” гар утасны аппликейшн бүтээх,
  • Допингийн хяналтын талаар сонсдог ном бүтээх,
  • Допингийн эсрэг үйл ажиллагааны чиглэлээр 2 удаагийн теле хэлэлцүүлэг хийх,
  • Үндэсний допингийн эсрэг дүрэм боловсруулж, батлах,
  • Допингийн хяналтын ажилтнуудыг бэлтгэх.

ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын биеийн тамирын боловсрол, спортын хороо (CIGEPS)

ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын биеийн тамирын боловсрол, спортын хороо нь спортын үүрэг, үнэ цэнийг хүлээн зөвшөөрч спортыг төрийн бодлогод тусгахыг хөхиүлэн дэмжих зорилгоор 1978 онд байгуулагдсан. ЮНЕСКО нь тус хороогоор дамжуулан засгийн газруудын биеийн тамирын боловсрол, спортын салбар дахь үйл ажиллагааг эрчимжүүлж, спортын бодлого, хөтөлбөрүүдийг оновчтой болгох замаар тэдгээрийн нийгэм, эдийн засгийн бодит үр ашгийг нэмэгдүүлж, хэрэгжилтийг дэлхий даяар хангахыг зорьдог. Засгийн газар хоорондын хороо нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  • ЮНЕСКО-ийн биеийн тамир, спортын салбар дахь стратеги, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдаж чиглүүлэх; үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг санал болгох;
  • Энх тайван, нөхөрлөл, харилцан ойлголцол ба хүндэтгэлийг бэхжүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих; энэ хүрээнд хөтөлбөр, үйл ажиллагаагаа уялдуулахад гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх;
  • Биеийн тамир, спортын олон улсын хартиг батлах, сурталчлах, түгээхэд дэмжлэг үзүүлэх;
  • Биеийн тамир, спортын нийгмийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхийг хөхиүлэн дэмжих;
  • Ерөнхий бага хурлын чуулганаар биеийн тамир, спортын салбарт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын салбарт хамаарах судалгаа, эрдэм шинжилгээний ажил, бусад баримт бичгүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, хэвлэн нийтлэхийг хөхиүлэн дэмжих; энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг сайжруулж, ажилтнуудыг бэлтгэх;
  • Биеийн тамир, спортын салбар дахь хөтөлбөрүүдийг боловсруулж, үнэлэхэд хамтран ажиллах;
  • Гишүүн улсууд, улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудаас техникийн, санхүүгийн мөн материаллаг дэмжлэг авах чиглэлд ажиллах зэрэг болно.