Гуйллермо Каногийн нэрэмжит шагнал

ЮНЕСКО-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний Гуйллермо Каногийн шагнал нь анх 1997 онд санаачилагдаж, дэлхийн хаа нэгтээ ямар нэг аюултай нөхцөл байдалд хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан сурталчилж томоохон хувь нэмэр оруулсан нийгэмлэг, хүрээлэн ба хувь хүнд жил бүр олгодог шагнал юм.
Уг шагналыг 1986 оны 12 дугаар сарын 17-нд Боготагийн Эл Эспэктадор сонингийн газрын урд бусдын гарт амиа алдсан Колумбын сэтгүүлч Гуйллермо Кано Исазагийн дурсгалд зориулан түүний нэрэмжит шагнал болгосон юм.
Гуйллермо Каногийн аллага нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн шийтгэгдээгүй өнгөрсөн томоохон жишээний нэг юм. Гуйллермо Каногийн эх орныхоо төлөө, чөлөөт сэтгүүлзүйн төлөө гаргасан зориг тэмцэл нь дэлхий дахинд томоохон үлгэр жишээ болсон юм.
Шагналд нэр дэвшигчдийн нэрсийг ЮНЕСКО-ийн гишүүн орнуудад хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажиллаж байгаа бүсийн болон олон улсын төрийн бус байгууллагууд илгээдэг. Тус шагналын эзнийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын томилсон хараат бус зургаан гишүүний бүрэлдэхүүн бүхий шүүгчийн баг шалгаруулдаг. Шагналыг жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг ба шагналыг медаль, 25.000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://en.unesco.org/prizes/guillermo-cano#:~:text=Created%20in%201997%2C%20the%20annual,in%20the%20face%20of%20danger.