Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь 2000 онд байгуулагдсан ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх болсон өнөө үед нийгэмд зөв хүн болж төлөвших, зөв амьдрахын тулд мэдээллийн хэрэглээ зөв байх ёстой юм. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь нийгэм дэх мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээний асуудалд анхаарч, нийтээрээ хамтран ажиллахыг Засгийн газруудад уриалсан хөтөлбөр болно. Энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй үед бусадтай хөл нийлүүлэн алхах боломжтой болох юм.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн бусад хөтөлбөрүүдтэй хамааралтай ба мэдээлэл, харилцаа холбооны салбарт гол анхаарлаа чиглүүлэн Засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн үндсэн зорилтууд:

  1. Мэдээллийн эрин зуунд ёс суртахуун, хууль болон нийгэмд тулгарч буй төвөгтэй асуудлуудтай холбоотой зүйлүүдийн талаар олон улсын хэмжээнд сурталчлан хэлэлцэх,
  2. Улсын эзэмшилд байгаа мэдээллийг хадгалж үлдээх, цахим хэлбэрт шилжүүлэх болон ашиглах боломжийг Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан өргөжүүлэн сайжруулах,
  3. Мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны салбарт мэдлэг боловсрол олж авах, урт хугацааны сургалт болон байнгын сурах боломжийг дэмжих, хөгжүүлэх,
  4. Орон нутгийн хэмжээнд мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны чиглэлээр суурь мэдлэг эзэмших нөхцөлийг бүрдүүлж сайжруулах,
  5. Мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны салбарт олон улсын стандартыг хэрэгжүүлэх болон түүнтэй холбоотой дадлага туршлагыг сурталчлан дэмжих,
  6. Мэдээ мэдээллийн сүлжээг орон нутаг, улсын болон олон улсын түвшинд сайжруулах зэрэг болно.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар сонгогдсон 26 гишүүн орноос бүрддэг. Монгол Улс ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаар тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр 2011-2015 оны хооронд сонгогдон ажилласан. Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг нь:

  1. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн төлөвлөгөөг өөрчлөн шинэчлэх, хөгжүүлэх,
  2. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрт хамруулж болох үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг гаргах, санал дэвшүүлэх,
  3. Хийсэн ажлуудын үнэлэлт дүгнэлтийг гаргах болон олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд шаардагдах үндсэн салбаруудыг тодорхойлох,
  4. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн гишүүн орнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх,
  5. Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн санг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах зэрэг болно.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-ийн тогтмол төсвөөс санхүүждэг байна. Харин бүх хөтөлбөрийн ажил болон туршилтын төсвүүд нь хандивлагч орнуудын сайн дурын мөнгөн сангаас санхүүждэг. Сайн дурын хандивлагч орнуудын өгсөн санхүү нь ЮНЕСКО-ийн санхүүжилтийн дүрмийн дагуу Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн санхүүгийн тусгай тайлан тооцоонд тусгагдсан байдаг.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр нь “Funds in Trust” (Итгэлцлийн сан)-ийн төлөвлөгөөг мөн удирддаг ба энэ сангийн хүрээнд хандивлагчид нь өөрийн дэмжин туслах хүсэлтэй байгаа төсөл, бүс нутаг эсвэл улсыг нэрлэн тогтоох боломжтой байдаг.

Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн ажлын нэг гол хэсэг нь хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг найдвартай санхүүжүүлэх явдал юм. Баталгаатай санхүүжилт нь улс орнуудад мэдээллийн нийгмийн үр ашгийн талаарх мэдлэгийг сайжруулахад маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг бөгөөд Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн гол төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газруудыг санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийг сурталчлан дэмжиж байдаг.

ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо нь ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын даргын МҮК/12/02 тоот тушаалаар 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, Гадаад харилцааны сайдын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/19 тоот тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.